“Эрдэнэт -2020” одуудын цугларалт байлаа
Хотын амьдрал 2 сарын өмнө     101    0

Насанд хүрэгчдийн 2020  оны улсын аварга шалгаруулах жүдо бөхийн  тэмцээн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “Хангарьд” спорт ордонд нэгдүгээр сарын 25-26-нд “Эрдэнэт 2020” нэрийн дор болж өнгөрлөө. Эрэгтэйчүүдийн 43, эмэгтэйчүүдийн 28 дахь удаагийн УАШТ-ний хувьд “Токио 2020” зуны олимпийн наадмын өмнөх томоохон сорилго тэмцээн болсноороо ихээхэн онцлог болж өнгөрлөө. Энэ удаагийн УАШТ-нд монгол, япон тамирчин, ОХУ-ын шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр хоёр өдрийн турш үргэлжилж эрдэнэтчүүд жүдо бөхөөр амьсгалсан юм.

Орхон аймгийн хувьд бусад орон нутгийг бодвол жүдо бөхийн спорт нэн өндөр түвшинд хөгжсөн. Жүдо өндөр хөгжихөд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын дэргэдэх “Хангарьд” спорт хороо, түүний багш дасгалжуулагчид үнэтэй хувь нэмэр оруулсан. Түүний дотор гавьяат дасгалжуулагч Ө.Бат-Оршихын хувьд бэлтгэсэн шавь нар нь Орхон аймгийн төдийгүй Монгол улсын нэрийг тив, дэлхийн тавцанд мандуулсан учраас эрдэнэтчүүд жүдо бөхийн спортод дэндүү хайртай гэж хэлж болно.

Орхон аймгийн Засаг дарга, аймгийн жүдо бөхийн холбооны дэд тэргүүн Д.Батлутын ивээл дор болсон УАШТ-ий нээлт “Хангарьд” спорт ордонд болсон. Энэ оны УАШТ-нд “Алдар” спорт хороо, “Аварга” сургууль, Багахангай дүүрэг, Баянхонгор аймаг, “Боржин төв” дэвжээ, “Багануур” дэвжээ, “Бөх Билэгт” дэвжээ, Булган аймаг, Дархан-Уул аймаг, Дорноговь “Женко” клуб, “Командс” клуб, “Жүдо академи”, “Аврагч” спорт хороо, Орхон аймаг, “ДЛЧ” клуб, Өвөрхангай аймаг, Спортын төв сургууль, “Сүлд” спорт хороо, Сэлэнгэ аймаг, “Хаан хүнс” клуб, “Хилчин” спорт хороо, “Хангай жүдо” клуб, “Хангарьд” спорт хороо, Хөвсгөл аймаг, Хан-Уул дүүрэг, “Хурд” дэвжээ, “Хүч” спорт хороо, Хэнтий аймаг, Чингэлтэй дүүрэг, “Шинэ бадрах”дэвжээ, “Эрч” спорт хорооны жүдочид эмэгтэй, эрэгтэй тус бүр долоон жинд аваргын төлөө хүч үзсэн юм.

“Эрдэнэт 2020” УАШТ-ний нээлтэд аймгийн Засаг даргын орлогч, тэмцээний зохион байгуулах хорооны дарга А.Түвшинжаргал, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг БТСГ-ын Шигшээ багийн албаны дарга, хөдөлмөрийн баатар, ардын багш, гавьяат дасгалжуулагч Ч.Насантогтох, хөдөлмөрийн баатар, ардын багш, гавьяат тамирчин О.Балжинням, Жүдо бөхийн холбооны гүйцэтгэх захирал Б.Ууганбаатар, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “Хангарьд” спорт хорооны дарга гавьяат тамирчин Ш.Даваахүү нар оролцсон. Олон улсын А зэрэглэлийн шүүгч Г.Нямцогт зохион байгуулах хорооны дарга А.Түвшинжаргалд рапорт өгснөөр тэмцээн албан ёсоор эхэлсэн юм.

           А.Түвшинжаргал: “Токио 2020”-ийн татами дээр од болохыг ерөөе

“Эрдэнэт-2020” жүдо бөхийн насанд хүрэгчдийн УАШТ-ний нээлтэд аймгийн Засаг даргын орлогч, тэмцээнийг зохион байгуулах хорооны дарга А.Түвшинжаргал нээж хэлсэн үгэндээ “Жүдо бөхийн насанд хүрэгчдийн УАШТ-нд оролцохоор ирсэн тамирчин, багш дасгалжуулагч, эрдэнэтчүүд та бүхэндээ аймгийн Засаг дарга, Эрдэнэт хотын захирагч Д.Батлутын нэрийн өмнөөс энэ сайхан өдрийн мэндийг хүргэж байна. Эрэгтэйчүүдийн 43, эмэгтэйчүүдийн 28 дахь удаагийн УАШТ-ийг Эрдэнэт хотноо зохион байгуулсан гол зорилго нь олимпийн медальтнуудыг төрүүлэх, олимпийн багаа дэмжих, ахмад тамирчдын залгамж халааг бэлтгэх, их спортоор дамжуулан залууст бие бялдрын боловсрол, өв тэгш хүмүүжил олгох, тамирчин хүний шударга дайчин чанарыг өвлүүлэх, эрхэмлэн дээдлэх зорилготой юм. Энэ тэмцээнд хөдөлмөрийн баатар, олимпийн аварга Н.Түвшинбаяр, гавьяат тамирчин, дэлхийн аваргын алт, хүрэл медальт Б.Болдбаатар, гавьяат тамирчин дэлхийн аваргын алт, мөнгөн медальт Н.Амартүвшин, гавьяат тамирчин, дэлхийн аваргын хүрэл медальт Б.Мөнгөнчимэг, ОУХМ, дэлхийн аваргын хүрэл медальт Б.Дүүрэнбаяр нарын тамирчин өрсөлдөж байгаа нь уг тэмцээний чанар, чансааг өндөрт өргөн харуулж байна. Аймгийн ЗДТГ-аас 2019 онд аймгаа төлөөлөн улс, бүс, тив, дэлхийн чанартай уралдаан, тэмцээнд оролцох тамирчдад, спортын холбоодод 500 гаруй сая төгрөгийн дэмжлэг өгч ажилласан. Мөн орон нутгийн нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, бүтээн байгуулалтын ажлыг шат дараатайгаар хэрэгжүүлж байгааг дуулгахад таатай байна. Ингээд Эрдэнэт 2020 жүдо бөхийн насанд хүрэгчдийн УАШТ-ий дэвжээн дээр бадамласан гал Токио-2020 хүн төрөлхтний спортын их наадмын татами дээр од болон гялалзаж, төрийн дууллаа эгшиглүүлж, алтан соёмбот тугаа намируулахын өлзийтэй ерөөлийг дэвшүүлье” хэмээсэн юм.

“Хүндэт тэмдэг”-ээр тамирчдыг шагнав

Насанд хүрэгчдийн 2020 оны УАШТ-ний нээлтийн үеэр Монголын жүдо бөхийн холбооноос аймгийн Засаг даргад Хүндэт өргөмжлөл олгосон юм. Өргөмжлөлд “Хүндэт Д.Батлут танаа. Монгол улсын спортын түүхэнд анхны олимпийн аварга төрөн гарсан жүдо бөхийн спортыг Монгол улсад хөгжүүлэх аугаа үйлсэд оруулж буй хувь нэмрийг тань талархан үнэлж Монголын жүдогийн холбооны Хүндэт өргөмжлөлөөр шагнав. Жүдо бөхийн холбооны гүйцэтгэх захирал Б.Ууганбаяр” гэжээ. Мөн энэ үеэр аймгийн Засаг даргын орлогч, тэмцээнийг зохион байгуулах хорооны дарга А.Түвшинжаргалыг БТСГ-ын “Хүндэт тэмдэг”-ээр шагнасан. Шагналыг БТСГ-ын Шигшээ багийн албаны дарга, хөдөлмөрийн батар, ардын багш, гавьяат дасгалжуулагч Ч.насантогтох гардуулсан юм.

Аймгийн ЗДТГ-аас энэ удаагийн тэмцээнд оролцож байгаа тамирчдад шагнал гардуулав. Самбо бөхийн дэлхийн аварга, ОУХМ Д.Алтансүх, жүдо бөхийн дэлхийн цомын аварга ОУХМ Д.Хадбаатар, жүдо бөхийн дэлхийн аваргын алт, мөнгө, хүрэл медальт, ОУХМ С.Марал-Эрдэнэ, кураш бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт ОУХМ Б.Эрдэнэбаяр нарыг Орхон аймгийн “Хүндэт тэмдэг”-ээр шагнасан юм.  

Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)