Баяжуулах үйлдвэрт хүдэр нунтаглалтын шинэ тээрэм ашиглалтад орууллаа
Уул уурхай 2 сарын өмнө     77    0

 Эрдэнэт үйлдвэрийн баяжуулагчид шинэ оны ууган бүтээн байгуулалтаа ашиглалтад хүлээн авлаа. Өөрөөр хэлбэл, Баяжуулах үйлдвэрийн Өөрөө нунтаглах хэсэгт хоёрдугаар шатны хүдэр нунтаглалтын МШЦ 5.5х6.5 маркийн 3 дугаар тээрмийг шинэчилж, өнөөдөр ажилд оруулав. Энэхүү тээрэм нь БНХАУ-д үйлдвэрлэгдсэн 144 метр кубийн эзлэхүүнтэй, цагт 400 тонн хүдэр нуннтаглах хүчин чадалтай аж. МШЦ маркийн 3 дугаар тээрмийг шинэчилснээр үйлдвэрлэлийн найдвартай үйл ажиллагаа хангагдаж, хэвийн жигд ажиллах боломж бүрдэж байна. Баяжуулах үйлдвэрийнхэн өнгөрсөн онд техник технологийн олон шинэчлэл хийсний нэг нь МШЦ маркийн 1 дүгээр тээрмийг солих ажил байв. Харин өнөөдөр уг 3 дугаар тээрмийг  ашиглалтад хүлээж авснаар хүдэр нунтаглалтын нэгдүгээр шугам иж бүрэн шинэчлэгдэж байгаа аж.

 Гуравдугаар тээрмийн шинэчлэл нь “Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт-2019”  жилийн хүрээнд хийгдсэн ажлын үргэлжлэл юм. Өнгөрсөн оны 12 дугаар сарын 14-нд эхэлсэн тээрмийн шинэчлэлийн ажлыг Баяжуулах үйлдвэр, Засвар угсралтын цех, Барилга засварын цех, Холбоо мэдээлэл, технологи автоматжуулалтын цехийн хамт олон хамтран гүйцэтгэж, төлөвлөсөн хугацаанаас 96 цагийн өмнө дуусган, хүлээлгэн өглөө.

    “Өөрөө нунтаглах хэсгийн 3 дугаар тээрэм нь ашиглалтад орсноос хойш 30 жил ажиллаж, ийнхүү шинэчлэгдлээ. Бид 2020 онд хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын цар хүрээг нэмэгдүүлэн, ажиллана. Тухайлбал, өөрөө нунтаглах 1,2 дугаар тээрмүүдийг солих, хүдэр нунтаглалтын 4 дүгээр шатны шинэчлэлийн ажил хийхээр төлөвлөсөн. Эдгээр шинэчлэл хийгдсэнээр Баяжуулах үйлдвэрийн хүдэр боловсруулалтын өөрийн өртөг буурч, борлуулалтын орлого нэмэгдэн, эдийн засгийн үр ашиг дээшлэх өндөр ач холбогдолтой” гэж “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын Нэгдүгээр орлогч, Ерөнхий инженер Т.Батмөнх онцлов. Хүдэр нунтаглалтын 3 дугаар шинэ тээрмийг ашиглалтад хүлээн авах үйл ажиллагаанд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Т.Түмэн-Өлзий, Механикийн хэлтсийн дарга Б.Чинзориг, ХАБЭА-н хэлтсийн дарга Д.Мөнхболд болон Баяжуулах үйлдвэрийн Өөрөө нунтаглах хэсгийн ажилтан, уурхайчдын төлөөлөл оролцлоо.

 

Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)