Ажиллагсдын дархлааг хоолны орц найрлага, чанарт анхаарч дэмжиж байна
Уул уурхай 4 сарын өмнө     128    0

Эрдэнэт үйлдвэр ажиллагсдынхаа нийгмийн хамгааллын бодлогын хүрээнд “Халуун хоол” хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Өнөөдрийн байдлаар үйлдвэрийн бүсэд ажиллаж буй нийт ажилтанд халуун хоолны үйлчилгээг дөрвөн багц хоолны цэсээр дамжуулан гурван компани хүргэн ажиллаж байна. Хоол хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуй, чанарт ХАБЭА-н хэлтэс хяналт тавьж ажилладаг бол хоолны технологи, илчлэг шим тэжээлийн стандартыг Эрдэнэт сувиллын цогцолбор хариуцдаг аж. Хүйтний улиралд ихэсдэг ханиад томуу болон вирусын гаралтай өвчлөлөөс урьдчилан сэргийлэхэд шим тэжээл сайтай хоол хүнс хэрэглэх нь хамгийн үр дүнтэй эмчилгээ болдог тул ажиллагсдын хоолны чанарт тавих хяналт, шаардлага эрчимжжээ. Энэ талаар Эрдэнэт сувиллын цогцолборын Хоол зүйч Б.Мөнгөнтуяа ярихдаа “Бид халуун хоолоор үйлчилж буй компаниудын хоолны цэс, технологи, гарцад байнгын хяналт шалгалт хийж, зааварчилгаа өгөхийн зэрэгцээ сургалт сурталчилгааны ажлыг тогтмол зохион байгуулж байна. Нэг ажилтан хүн өдөрт 2100-2500 кило калори илчлэгтэй хоол хүнс хэрэглэх ёстой. Хоол хүнсээр дамжуулан өдөрт авах илчлэгийн хэмжээг тогтоох тухай Эрүүл мэндийн сайдын А/74 тоот тушаалыг мөрдөн ажилладаг. Ингэснээр уурхайчдаа эрүүл зөв, зохистой тэнцвэртэй хоолоор хангах боломж бүрдүүлэхэд анхаарч байна. Мөн бид ажиллагсдын санал сэтгэгдэл, хоолны чанар орцын талаар асуумж авч, санал хүсэлтийг нь стандарт зөрчихгүйгээр үйл ажиллагаандаа тусгаж ажилладаг. Үр дүнд нь халуун хоолоор үйлчилж буй компаниудын үйлчилгээний чанар дээшилж, хяналт тавих үүрэгтэй бидний ажлын уялдаа сайжирч байгаа. Ажиллагсдын сэтгэл ханамжид ч эерэгээр нөлөөлж байгааг хэлье. Өөрөөр хэлбэл, эрүүл хоолоор дамжуулан ажилчдынхаа дархлааг дэмжиж, эрүүл мэндийг сахин хамгаалахад хувь нэмрээ оруулах зорилготой ажиллаж байна” гэж онцлов.

 Өнгөрсөн сард ажилтнуудын эрүүл зөв хооллох мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх зорилгоор ХАБЭА-н хэлтэс болон Эрдэнэт сувиллын цогцолбор хамтран Баяжуулах үйлдвэрийн Бутлан тээвэрлэх хэсэг, Аж ахуй үйлчилгээний цехийн  ажилтнуудад “Эрүүл хоол-эрч хүч”, “Эрүүл мэнд ба энгийн хөдөлгөөн”, “Давс, өөх тос, архинаас татгалзаж эрүүлжье” сэдэвт сургалт зохион байгуулж, гарын авлага зөвлөмж тараасан байна. Эрдэнэт сувиллын цогцолбороос дээрх сургалтыг бүтэн жилийн турш цуврал хэлбэрээр зохион байгуулж, үйлдвэрийн бүсийн бүх ажилтнуудыг хамруулахаар төлөвлөж байгаа аж.  

Эх сурвалж: erdenettoday.mn