Хот тохижуулах газрынхан сэтгэлийн дэм өргөлөө
Мэдээ мэдээлэл 4 сарын өмнө     147    0

Амралтын өдрийн Их үдийн алдад амины үнэтэй амны хаалтаа барьчихсан, халуун савтай цай, халуун бууз тэргүүтнээ тэвэрчихсэн Д.Оюунбаяр даргатай Хот тохижуулах газрын Тээврийн хэсгийнхэнтэй Гурван замын уулзвар дээр халз учирлаа.

Тус газрын Тээврийн хэсгийн ажилчид өөрсдийн санаачлагаараа Гурван замын постон дээр 24 цагаар үүрэг гүйцэтгэж байгаа энэ өдрийн ээлжийнхэнд ийнхүү халуун сэтгэлээсээ туслах санаачлага гаргасан байна.

Хот тохижуулах газрын Үйлдвэрчний хорооны дарга Б.Эрдэнэбат, Тээврийн хэсгийн дарга Н.Батбаяр, Тээврийн хэсгийн байцаагч Д.Долгорсүрэн нар Гурван замын уулзвар дээр ажиллаж байгаа ажилтнуудад халуун хоол, цай, аарц, нэг удаагийн амны хаалт өглөө.

 “Гурван замын уулзвараар Хот тохижуулах газрын хогны машинууд байнга нэвтэрдэг. Тэд ч зохих ном журмын дагуу дагалдах бичиг баримтаа шалгуулж, бүртгүүлээд явдаг. Энэ үеэр манай жолооч, ажилчид постон дээр өдөр шөнөгүй ажиллаж байгаа хүмүүс их ядардаг юм байна. Болж өгвөл аяга халуун аарц ч гэсэн өгөх юмсан гэж ярилцаж улмаар санаачлага гарган өнөөдөр бид ажил хэрэг болгож байна. Гадаа хүйтэн байна, хэдийгээр хөл хориотой байгаа ч машин их ирэх юм. Энд ажиллаж байгаа замын цагдаа, зохицуулагч, онцгой байдлын ажилтан гээд бүхий л хүмүүс ачаалал ихтэй ажилладаг юм байна. Ингээд бид 24 цагаар үүрэг гүйцэтгэж байгаа өнөөдрийн ээлжнийнхэндээ халуун аарц, бууз  авчирч өглөө. Энэ хүмүүс та бидний төлөө 24 цагаар ажиллаж байна. Иргэд, зорчигчид бид энэ хүмүүст хүндрэл учруулахгүй ажлыг нь ойлгож хүндэтгэн ажиллах ёстой шүү гэж хэлмээр байна”  хэмээн тус газрын ҮЭХ-ны дарга Б.Эрдэнэбат ярьж байна.

Хот тохижуулах газрын Тээврийн хэсгийн байцаагч Д.Долгорсүрэн “Хогийн цэг руу явдаг жолооч, ачигчид маань энэ санаачлагыг гаргасан. Өнөөдөр бид ажил хэрэг болгож буйдаа их баяртай байна. Энд ажиллаж байгаа хүмүүстээ амны хаалт хүртэл тарааж өглөө. Эрдэнэтчүүд бид хүнд хэцүү цаг үед зорилго, сэтгэл нэгтэй байж энэ аюулт өвчнийг даван гарна. Энд ажиллаж байгаа хүмүүсийн ажиллах нөхцөл нь ч хүнд юм байна. Ямар ч байсан ажилчдынхаа санаачлагыг ажил хэрэг болголоо” гэсэн юм. Биднийг хэсэгхэн зуур энд ажиллах хугацаанд постон дээр ажиллаж байгаа эдгээр хүмүүс тухтайхан ч сууж халуун аарц, буузаа идэх зав хомс байлаа. Босон суун байж, баруун зүүнээс ирэх машины дуутай зэрэгцэн өндөлзөн байж аяга аарц ууж, хэдэн бууз идсэн болоод эргээд зам руугаа гарлаа. Энэ хооронд Хот тохижуулах газрын ажилчдад чин сэтгэлээсээ талархсанаа илэрхийлж, хэвлэлийнхэн та бүхэн бидний баярласан сэтгэлийг Хот тохижуулахын бүх ажилчдад хүргээрэй гэсээр биднийг үдсэн юм.