Абэ Шинзо шиг Ерөнхий сайдтай болохсон
Мэдээ мэдээлэл 3 сарын өмнө     179    1

Төр шиг төртэй, иргэнээ гэх чин үнэнч сэтгэлтэй төр засагтай, улстөрчидтэй  болохсон. Өнөөдөр Японы Ерөнхий сайд Абэ Шинзо шинэ төрлийн коронавирусийн  тархалтаас болж эдийн засагт нь доголдол үүсэхээс сэргийлж жижиг, дунд бизнес эрхлэгчдээ дэмжин хүүгүй, барьцаагүй зээл олгох шийдвэр гаргаснаа зарлаж байх юм.  Ажлын байраа хадгалах, жижиг, дунд бизнесийн үйл ажиллагааг тогтвортой байлгах зорилготой энэ шийдвэрийн зэрэгцээ Засгийн газар нь сургууль, цэцэрлэг хаагдсан хугацаанд гэртээ хүүхдээ харж байгаа эцэг, эхчүүдэд санхүүгийн дэмжлэг олгохоор болжээ.

Үүний зэрэгцээ аялал жуулчлалын улирал эхэлж байгаа энэ үед тус салбарыг дэмжих тусгайлсан бодлого ч боловсруулсан байна. Жилдээ 30 гаруй сая жуулчин хүлээн авдаг Япон улсын жуулчдын 40 хувийг нь Хятадаас ирдэг жуулчид эзэлдэг байна. Өвчний улмаас энэ тоо эрс багасах нөхцөл бүрдсэн тул Японы Төв банк бодлого боловсруулж жуулчлалын салбарт хөрөнгө гаргаж байна. Мөн Төв банкных нь зүгээс хөрөнгө худалдан авах, зах зээлийн савалгааг намжаах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, жижиг аж ахуйн нэгжүүдийг дэмжих зорилгоор 500 тэрбум иен буюу 4.8 тэрбум ам.доллар нийлүүлэхэд бэлэн болсноо зарлаад байна.    

Гэтэл Монгол улс, манай төр, Засгийн газар юун хүүгүй зээл олгох энэ тэр.  Эдийн засгаа хумчихалгүй байлгах, жижиг дунд бизнес эрхлэгчдээ дэмжих тал дээр хуруугаа ч хөдөлгөхгүй сууна. Саяхан УИХ-ын дарга Г.Занданшатар Төрийн банк, УИХ-ын Байнгын хороодын дарга нар, Худалдаа аж үйлдвэрийн танхимын удирдлагыг хүлээн авч уулзсаныг эс тооцвол манай төр засгийн удирдлага “ОХУ-аас 100 мянган тонн улаан буудай оруулж ирнэ, Өдөрт 100 тонн сардаа 3000 тонн мах худалдаанд гаргана. Өмнө нь хэзээ ч ингэж их хэмжээний мах худалдаанд гаргаж байгаагүй шүү” гэж аман мэдпэгдэл хийхээс өөр гарцгүй сууж байна.

Монголбанкны Ерөнхийлөгч “Мөнгөний бодлогын хүүг 0.5 хувиар буурууллаа. Энэ бол их том ажил хийж байгаа хэрэг шүү. Зээл авсан аж ахуйн нэгж, иргэн зээлдүүлэгч банктайгаа Зээлийн гэрээнийхээ талаар ярилцаж хүү, үндсэн төлөлтийн талаар ярилцаж зохицуулах боломжтой” хэмээн манийгаа хөөрхөн гэгч нь зальдаж байна.

Саяхан нэг томоохон зээлдэгч банктайгаа энэ талаар ярилцахаар очиход нь өмнөөс нь өчнөөн бичиг цаас шаарджээ. “Танайхаар яагаад хүн үйлчлүүлэхгүй байгаа талаараа тайлбар бич. Өмнө нь үйлчлүүлж байсан иргэдээсээ яагаад одоо үйлчлүүлэхээ больсон талаар тодорхойлолт ав” хэмээн ямаан дээр тэмээний гарз болохтой ижил нөхцөл байдалд хүргэжээ.

Тэгвэл дэлхийн улс орнууд, тэдний удирдагч нар нь “Covid-19” шинэ төрлийн халдвар улс орных нь эдийн засагт нөлөөлж, эрсдэл үүсгэж болзошгүй тул урьдчилан сэргийлэх зорилгоор арга хэмжээ авч байна. Тухайлбал, Өмнөд хөрш Хятад ард улсын Төв банк худалдан авалтыг нэмэгдүүлэх, жижиг дунд бизнесийг нэмэгдүүлэх талаар 1.2 их наяд юань буюу 173 тэрбум ам.доллараар бизнес эрхлэгчдээ дэмжиж байна. Мөн энэ мөнгөөр арилжааны банкуудын зээл олголтыг нэмэгдүүлэх замаар аж ахуйн нэгжүүдээ дэмжин бэлэн мөнгийг нийлүүлээд байна.

Коронавирусын дэгдэлт хамгийн их байгаа Өмнөд Солонгост гэхэд Засгийн газар нь энэ цаг үед санхүүгийн хүнд байдалд ороод байгаа жижиглэнгийн худалдаачдаа дэмжихэд зарцуулах гэнэ. Мөн бага орлоготой иргэд болон ахмад настнуудыг ч тэтгэх, дэмжих, хөл хорионд байгаа иргэдэд олгох хөрөнгийг энэхүү нэмэлт санхүүжилтээс гаргахаар төлөвлөж байгаа аж.   

АНУ-ын Төв банк буюу Холбооны нөөцийн банк зах зээлээ тогтворжуулах арга хэмжээ аваад байна. Тэдний зүгээс бодлогын хүүгээ 0.5 нэгжээр бууруулж 1-1.25 хувьд хүргэж буйгаа зарлаад байна. Нэмээд зөвхөн коронавирустай тэмцэхэд зориулж АНУ-ын Засаг захиргаа 8.3 тэрбум ам.долларын нэмэлт төсөв гаргасан байна. Харин Дэлхийн банк энэ өдрүүдэд “Covid-19”-ийн дэлхийн эдийн засагт үзүүлж байгаа сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор 12 тэрбум ам.долларын өртөг бүхий тусламж үзүүлэхээ зарлаад байгаа. Энэ тусламжийг хөгжиж байгаа орнуудыг дэмжих, богино хугацааны санхүүжилт олгох замаар эрүүл мэндийн салбарт түлхүү зарцуулахаар төсөвлөөд байгаа.   

Дэлхийн улс орны удирдагчид засгийн газар нь нэн эгзэгтэй энэ үед эдийн засгаа дэмжсэн, жижиг дунд үйлдвэрлэгчдээ дэмжсэн хөрөнгө оруулалт, бэлэн мөнгийг гаргаж байна. Харин манай орны хувьд УИХ нь завсарлачихсан, Сангийн сайд нь “Төсөвт тодотгол хийхгүй” хэмээн хоолой мэдэн орилсон шигээ шар нар бор хоногийг өнгөрөөж байна. Аягүй бол манай дарга нар Дэлхийн банкнаас хөгжиж байгаа орнуудад үзүүлэх 12 тэрбум ам.доллараас манайд хэдийг өгөх бол хэмээн горьдож суугаа болов уу.