Б.Ганзориг: Барааны үнээ нэмсэн тохиолдлыг бидэнд мэдээл
Мэдээ мэдээлэл 3 сарын өмнө     188    1

Аймгийн Онцгой комиссын хуралдааны дараа Хууль зүйн хэлтсийн дарга Б.Ганзориг үнийн хөөрөгдлийн талаар, үнээ нэмсэн аж ахуйн нэгж, иргэнд ямар хариуцлага тооцдог талаар мэдээлэл хийсэн юм.

“Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, хэрэглэгчийн мэдээллийн 1284 төв ажиллаж байгаа. Эдгээрт иргэдийн мэдээлэл, гомдлыг 24 цагаар авч байгаа. Одоогийн байдлаар 18001284  утсаар гомдол мэдээлэл авч байгаа учраас иргэд үүнд хандах хэрэгтэй. Таны ирүүлсэн гомдол, мэдээллийн дагуу Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын тушаалаар ажлын хэсэг гарч ажиллаж байгаа. Томоохон худалдааны төв, захууд хүнсний барааны үнийн хөөрөгдлийг зохиомлоор бий болгосон, барааны хомсдол үүсгэсэн газрыг шалгах ажлын хэсэг ажиллаж байна. Ажлын хэсэг гараад зөрчил илэрсэн тохиолдолд зөрчлийн хэрэг нээн ажиллана. Үнэхээр зориудаар үнийн хөөрөгдөл бий болгосон, зохиомол хомсдол үүсгэсэн бол тухайн зах, худалдааны төвд эрүүгийн хэрэг үүсгэн хариуцлага тооцох боломж байгаа.

Мөн Гамшгаас хамгаалах тухай хууль гэж байгаа. Энэ хууль энэ цаг мөчид илүүтэй хэрэгжиж байгаа. Тухайн хуульд зааснаар иргэн аж ахуйн нэгж нь зохиомлоор үнийн хөөрөгдөл үүсгэхгүй байх тухай үүрэг хүлээдэг. Үүнийг зөрчвөл Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ тооцдог. Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд томоохон зах, худалдааны төв, бөөний төв, хүнсний дэлгүүр зохиомлоор үнийн хөөрөгдөл үүсгэсэн, хомсдол үүсгэсэн нь нотлогдвол тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авна. Иргэддээ хандан хэлэхэд бараа бүтээгдэхүүнийг их хэмжээгээр нөөцлөн хомсдол үүсгэх шаардлага байхгүй. Нийлүүлэлт хэвийн үргэлжилнэ. Иргэд маань зохиомол хосдол үүсгэх шалтгаан нөхцлийг өөрсдөө бий болгоод байна. Үүндээ онцгой анхарах шаардлага байна. Зохимол хомсдол бий болгож байгаа, үнэ нэмж байгаа асуудал байвал нотлох баримтын дагуу Хэрэглэгчийн мэдээллийн тав, аймгийн Хууль эрх зүйн хэлтэст ханд. Бид арга хэмжээ авч, хариуцлага тооцно. Авдаг арга хэмжээ гэж бий гэдгийг хэлье” хэмээсэн юм.