Долоон том хүн, дөрвөн хүүхдийг ажиглалтад авчээ
Мэдээ мэдээлэл 3 сарын өмнө     222    0

Аймгийн Онцгой комиссоос цаг үеийн байдлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ц.Мөнхцэцэг дарааахь мэдээллийг өгсөн юм. “Өнөөдрийн байдлаар манай аймагт 12 хүнийг тусгаарлалтад аваад байна. Халдвартын тасагт нэг хүнийг ажиглан тусгаарлахаар 11 иргэнийг  “Эрдэнэт” сувилалд ажиглалтад авсан. Нийтдээ 7 том хүн, дөрвөн хүүхэд байгаа. Эдгээр хүмүүст одоогоор ямар нэгэн эмнэл зүйн шинж тэмдэг илрээгүй, зовиур шаналгаагүй, зөвхөн ажиглалтад байгаа. Эдгээр хүмүүс бол ойрын хавьтлынх биш. Дам хавьтлын хүмүүс. Бид урдчилан сэргийлэх зорилгоор дээрх хүмүүсийг эмнэлгийн ажиглалтад авсан. Дээрх хүмүүсийн хавьтал бүхий 74 иргэнээс нийтдээ Орхон аймгийн 64 хүнийг Өрхийн эрүүл мэндийн эмч нарын хяналтад, гэрийн тусгаарлалтад авч өдөр тутмын хяналтыг хийж хэрэгжүүлж ажиллаж байгаа.

Өмнө нь хяналтанд байсан хүмүүсээс БНСУ болон бусад халдвар бүртгэгдсэн улс, хотоос ирсэн нийт 17 хүн хяналтад, гэрийн тусгаарлалтад хэвээр байна. Тэдний ар гэр болох хяналтад байсан 43 иргэн дээр 64 хүн нэмэгдэж гэрийн тусгаарлалтад орсон. Эмнэлгийн тусгаарлалтад авсан хүмүүсээс сорьцыг ХӨСҮТ-д хүргэсэн, шинжилгээний хариу маргааш гарна.  Эмнэлгийн бэлэн байдлын хангалтын хүрээнд халдвартын тасаг бэлэн байдалд ажиллаж байна. Мөн “Эрдэнэт” сувиллын цогцолборт ажиглалтынхаа хүнээ аваад байна. Дараагийн ээлжинд “Учралт баяр” Өрхийн эрүүл мэндийн төвийг бүрэн суллаж, өрхийн эрүүл мэндийн үйл ажиллагааг “Хэмнэл” соёлын төв рүү шилжүүлсэн. Дархлаажуулалтын асуудлыг “Үйлс бадрах” өрхийн эрүүл мэндийн төв рүү шилжүүлсэн. Тийм учраас товлолын дархлаажуулалтыг  “Үйлсбадрах” өрхийн эмнэлэгт өнөөдрөөс хийж эхэлсэн. Бусад анхан шатны тусламж, үйлчилгээг шаардлагатай тохиолдолд “Хэмнэл” соёлын төвөөр үйлчлүүлнэ. Иргэдэд анхааруулахад шаардлагагүй тохиолдолд эрүүл мэндийн байгуулагуудаар явахгүй байхыг ялангуяа урьдчилан сэргийлэх үзлэг, цэнхэр дэвтэр бөглүүлэх нэрээр их үйлчлүүлж байна. Урьдчилан сэргийлэх үзлэгийг өвчин намдтал хугацаанд хийхгүй байхаар чиглэл боловсруулж байна. Хөнгөлөлттэй эмийн жорыг харьяалагдах өрхийн эмнэлгийн эмчээс утсаар, цахимаар олгох ажлыг эхлүүлсэн. Хөдөлмөрийн чадвар алдалтыг тодорхойлох асуудлыг бас хөнгөвчилж өвчтөнийг заавал ирүүлэхгүйгээр шийдэж байна. Цаашдаа асуудал хүндэрвэл “Медипас”, “Баян-Өндөр мед” эмнэлэг, “Очир увидас”, “Талын булаг” эмнэлгийг шаардлагтай тохиолдолд ажиглалтын байраар нэмэгдүүлэхээр ажиллаж байна” гэлээ.