Ирэх сонгуулийн бооцоо 3-5 сая төгрөгийн цалин, үнэгүй байр...
Мэдээ мэдээлэл 2 сарын өмнө     145    0

Ирэх сонгуулийн бооцоо 3-5 сая төгрөгийн цалин, үнэгүй байр...

“Токио 2020” зуны олимпийн наадам “Covid-19”-ийн улмаас хойшилж байгаа энэ үед монголчуудын улс төрийн олимп болох УИХ-ын 2020 оны сонгуулийн тухай дуулиан улам эрчимжиж хүчээ авч, эхэллээ. Яг энэ үед сонгуульд оролцох намуудын Мөрийн хөтөлбөр тойрсон улс төр, явган яриа, хошин шог ер нь юм бүхэн  дэлгэсэн тэрлэг шиг эх орны минь өнцөг булан бүрд хүрч энэ сэдэв улам өрнөж байна. 

Сонгуулийн тухай хуулийн зарим заалтын дагуу энэ удаагийн сонгуульд өрсөлдөх нам, эвслүүд намын мөрийн хөтөлбөрөө боловсруулж түүнийгээ Үндэсний аудитын газраар хянуулахаар өргөн барьсан. Монголд өнөөдөр Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 35 нам байдгаас 27 нам нь 2020 оны сонгуульд өрсөлдөхөө мэдэгдсэн. Тэдний зарим нь эвсэж сонгуульдахаар эхний алхмаа хийж эхэллээ.

Энэхүү эхний алхам нь Мөрийн хөтөлбөр юм. Мөрийн хөтөлбөртөө юу амласнаас шалтгаалж сонгуульд ялах бооцоотой энэ удаагийн тоглоомын дүрэм өмнөхөөсөө нэг их сайжраагүй ч уламжлалаа хадгалсаар байна. Тэртээ 2000-аад оны сонгуульд Ламжавын Гүндалай гэдэг эрхэм тухайн үеийн  АН-ын мөрийн хөтөлбөрт ”Хүүхэд бүрт хүүхдийн мөнгө” гэдэг амлалтыг гаргаснаар намууд сонгогчдоо худалдан авахын тулд мөнгө амладаг гажиг, гажууд тогтолцоо өнөөг хүртэл амь бөхтэй бүр улам “боловсронгуй, дэвшилтэт” шинжиндээ орчихож.

Монголын үндэсний бөхөд зүүн, барууны манлай гэдэг ойлголт бий. Улс төрд үүнийг шууд буулгавал зүүний манлай нь МАН, барууных нь АН гэж болно. Дээр нь тэдний үндсэн хэв шинж болох үзэл баримтлал ч үүнд хамаатай. МАН-ынхан өөрсдийгөө зүүний чиглэлийн үзэл баримтлалтай гэдэг бол АН-ынхан арай барууны гэдэг ч үнэндээ ах нараасаа нэг их ялгарахаа больсон. Энэ удаагийн сонгуулийн зүүний магнайг ахалж байгаа МАН буюу “ах намынхан “...дундаж орлоготой иргэдийг дэмжих зорилгоор нийгмийн даатгал төлдөг иргэн бүрийг орон сууцанд хамруулж, зээлийн хүүг бууруулах” зэрэг амлалтыг багтаажээ. МАН-ын Мөрийн хөтөлбөрт “Алсын хараа-2050” урт хугацааны хөтөлбөрийн эхний дөрвөн жилд хэрэгжих хөтөлбөрүүдийг тусгасны зарим нь энэ.

Барууны манлайд босч байгаа АН-ынханы хувьд энэ сонгуулийн Мөрийн хөтөлбөр нь “Монгол өрх-Хөгжлийн бодлого нэртэй. Цалин, бодит орлогын дунджийг 3 саяд хүргэнэ. Мөрийн хөтөлбөрийн гол цэгт Монгол айл бүрийн амьдралын чанарт өсөлт бий болгоно хэмээн тодорхойлж байна. Монгол хүнийг, Монгол айл өрх бүрийг дэлхийн дундаж орлоготой болгоход бодлого бүхэлдээ чиглэсэн. Иргэдийг үнэгүй орон сууцаар хангахыг урьтал болгохгүй. Өөрийн хөдөлмөрийн үр шимээр тохилог орон сууцыг худалдан авах орлогыг бий болгож өгнө” гэх зэргээр амлаад байна.

Харин өөрсдийгөө улс төрийн гуравдагч хүчин гэдэг бусад намуудын хувьд зүүн, барууны манлай ах нарынхаа адилаар цалин, орлогыг 3-5 саяд хүргэнэ, үнэгүй орон сууцаар хангана, зээлийг хүүг бууруулна зэргээр бас л утопи буюу үл гүйцэлдэх амлалтаар Мөрийн хөтөлбөрөө боловсруулсан байх аж.

Энэ бүхнээс харвал ирэх зуны УИХ-ын сонгуульд нам, улс төрийн хүчин, эвслүүд сонгогч биднийгээ бас л хуурах нь. Дээрх дурдсан зүйлүүд бол Мөрийн хөтөлбөрийн нэгээхэн хэсэг нь. Сонгогчдод бүр илүүтэй, сонирхолтой бэлэг нь одоохондоо “нууц” байж мэднэ. Яагаад гэвэл Үндэсний аудитын газар намуудын боловсруулсан Мөрийн хөтөлбөрийг судлаад  “OK” гэвэл Сонгуулийн Ерөнхий хороонд Мөрийн хөтөлбөрийг нь хүргүүлнэ.  Үүний дараа л Мөрийн хөтөлбөр бүрэн эхээрээ сонгогчдын өмнө ил болно. Энэ бүхнээс харвал улс төрийн намуудын сонгогчиддоо барьж буй гэнэтийн бэлгээс харвал Монгол улс нэг алхам бүү хэл сөөм ч урагшлахгүй нь. Гэхдээ үүнийг өөрчлөх, сонгууль бүрт сонгогчдоо тохуурхдаг улстөрчдөд “Та улс төрд хоцрогджээ” гэж хэлэх боломж бидэнд бий.

Улс төрийн намуудыг ирэх сонгуульд ийнхүү мөнгө, байр, банкны зээлийн хүү энэ тэрийг амлаж байх зуур бидний өмнө тулгамдаж байгаа зарим нэг асуудлыг тоймлоё.

Нэгд, “Covid-19”-ийн тархалт, цар тахлаас шалтгаалж үүсч болзошгүй дэлхий нийтийг хамарсан эдийн засгийн хямралын аюул бодитоор нүүрлэж байна. Сонгуулийн 3-5 саяын амлалтаас илүүтэй өдөр тутмын орлого, ажлын байр зэрэг хүндрэл үүсэх зэрэг анхаарал татсан сэдэв олон бий.

Хоёрт, Манай улсын хувьд 2021-2024 онд дараахь зээлээ төлнө. Засгийн газрын гадаад өрд тооцогдож буй Чингис бондын 1 тэрбум ам.доллар. Мөн Мазаалай бондын 500 сая ам.доллар, Хуралдай бондын 600 сая ам.доллар, Гэрэгэ бондын 800 сая ам.долларын өр төлбөр шилээ даран хүлээж байна. Нийтдээ 2.9 тэрбум ам.доллар болж байна.

 

 

 

 

Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)