Цагаан тоосыг улс төрийн намууд биш уурхайчид л дарж чадна, тэдэнд итгэе
Нийгэм, Улс төр 3 сарын өмнө     212    15

 Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй болсон нь ардчиллын давуу тал. Саяхан манай аймгийн хэсэг иргэн нийслэлд, Чингис хааны хөшөөний өмнө үгээ хэлж, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийллээ. Үнэхээр бахархалтай хэрэг л дээ. Үзэл бодлоо илэрхийлсэн иргэд энэ удаад “2020 оны сонгуульд өрсөлдөх намууд Эрдэнэтийн цагаан тоосонд анхаарлаа хандуулж, Орхон аймгийн 100 гаруй мянган иргэн тутамд жил бүр 1 сая төгрөгийн нөхөн олговор олгодог байх. Энэ мөнгийг үйлдвэрээс гаргах. Цагаан тоосны буруутан нь улс төрчид” хэмээн мэдэгдсэн. 

Үнэндээ цагаан тоос бол Орхон аймаг, Эрдэнэт хотын иргэд таны, миний, бидний, үйлдвэрийн уурхайчдын, манай хотын улстөрчдийн шийдэх хэрэг л дээ. Эрдэнэт үйлдвэр ажиллаж байгаа цагт цагаан тоос их бага хэмжээгээр гарч л таарна. Харин түүнийг шийдэж байгаа Эрдэнэт үйлдвэрийн уурхайчид, үйлдвэрийн хамт олны ажил үйлсийг хуруугаараа биш юм гэхэд сэтгэлээрээ дэмжих цаг болсон. Өнгөрсөн жил бид Эрдэнэт үйлдвэрийн Байгаль орчны хэлтсийнхэнтэй хамтран цагаан тоосыг хэрхэн дарж байгаа талаар сурвалжилж байсан. Тэр үед үйлдвэрийн уурхайчид сэтгүүлч бидэнд нэг л зүйлийг онцолж байсан билээ. Тэд “Хаврын улиралд илүүтэй босдог энэ цагаан тоосыг дарах гэж манай үйлдвэрийн уурхайчид бид мэргэжлийн байгууллагынхантай хамтран гадна дотны туршлагыг нутагшуулах чиглэлээр олон ажил хийсэн. Шууд аваад хийх ажил байхад гадны туршлагыг өөрийн болгохоос эхлээд их ажил хийлээ, энэ хугацаанд. Эцэст нь хамгийн үр дүнд хүрсэн зүйл бол цагаан тоосыг дарах бидний өөрсдийн боловсруулан гаргаж авсан технологи л аминд орж байна” гэж байлаа.

Эндээс харвал ажлаа, цагаан тоосоо мэддэг жинхэнэ уурхайчдын үг л дээ. Уурхайчдын хийж хэрэгжүүлж байгаа ажил, цагаан тоосыг тухайн үед дарж авсан байдлыг бид газар дээр нь харж үзсэн. “Нийтдээ 800 гаруй га газрын 80 хувийг ямар ч байсан эхний ээлжинд дарж чадлаа. Энэ ажилд ихээхэн хүн хүч, техник хэрэгсэл ажиллаж байна. Үйлдвэрийн удирдлагын зүгээс шинэ техник хэрэгслээр хангаж бидний ажилд эрч хүч нэмж байна“ хэмээн үйлдвэрийн Байгаль орчны хэлтсийн дарга О.Эрдэнэтуяа ажлаа тайлбарлаж билээ.

Нөгөөтэйгүүр Эрдэнэт үйлдвэрийн удирдлага уурхайчид цагаан тоосыг дарах чиглэлээр 2017, 2018 онд аймаг, орон нутагтайгаа хамтран судалгаа шинжилгээний ажил хийсэн. Түүгээр ч үл барам Байгаль орчны яамны Дотоод аудитын газрын дарга Д.Энхбатаар ахлуулсан ажлын хэсэг орон  нутаг, Эрдэнэт үйлдвэрт ажиллаж нөхцөл байдалтай танилцсан. Үүний дараа Эрдэнэт үйлдвэрийнхэн Орхон аймгийн Засаг дарга, түүний Тамгын газрынхан “Цагаан тоосны дэгдэлт, сөрөг нөлөөллийг бууруулах” дэд хөтөлбөрийг боловсруулсан. Энэ эхлэлийг төр засаг, улс төрийн намуудын Эрдэнэт үйлдвэртэй хамтран ажиллаж цагаан тоосыг дарах чиглэлд анхаарах эхний алхам. Нэг үгээр хэлбэл, аймаг орон нутгийн удирдлага, Эрдэнэт үйлдвэртэй хамтран ажилласны үр дүнд гартаа барих нэгдсэн нэг хөтөлбөртэй болсон гэсэн үг.  “Цагаан тоосны дэгдэлт, сөрөг нөлөөллийг бууруулах” дэд хөтөлбөрт “Цагаан тоосны бүсэд амьдарч байгаа иргэдийг жил бүр нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг, оношлогоонд үнэ төлбөргүй хамруулах” талаар ч тусгажээ. Мөн тус дэд хөтөлбөрийн “7.1.1, 7.1.2 -д  цагаан тоосноос мал, экологид хуримтлагдах нөлөөллийн үнэлгээ хийлгэх, цагаан тоосноос хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийн үнэлгээ хийлгэх” зэрэг  арга хэмжээний олон заалт туссан. Аймаг, орон нутгийн хувьд ч төрийн нэрийн өмнөөс иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж Эрдэнэт үйлдвэр, уурхайчдад хийж, хэрэгжүүлэх олон ажлыг оруулж өгсөн. Эрдэнэт үйлдвэр жил бүрийн урсгал зардалдаа Дэд хөтөлбөрт зарцуулах хөрөнгө мөнгийг тусгайлан оруулах зэргээр  талууд хүлээх үүрэг хариуцлагаа тусгасан байна.   

Энэ цаг мөчид гадна дотны цээжээ дэлдсэн, “Би”-гээр өвчилсөн, илүү амласан энэ цагийн улстөрчид бидэнд хэрэггүй. Цагаан тоосыг улс төрийн намууд биш уурхайчид л дарж чадна, уурхайчиддаа итгэе. Уурхайчидтайгаа хамтраад цагаан тоосыг цалманд нь оруулах цаг айсуй.