Эрдэнэтийн боловсрол элгээрээ хэвтжээ
Мэдээ мэдээлэл 2 сарын өмнө     731    0

Боловсролын салбарын гол үнэлэмж болох Элсэлтийн ерөнхий шалгалтын дүнгээр 2019 онд 21 аймгаас Эрдэнэтийн боловсрол 18 дугаар байрт жагсчээ. Бидний ард Архангай, Баянхонгор, Баян-Өлгий аймгууд сүүл мушгижээ. Орхон аймаг Эрдэнэт хотын боловсролын салбарын төвшин ингэтлээ улсын хэмжээнд унаж байсан тохиолдол байхгүй. Энэ хүснэгтээс харвал Ж.Бат-Амгалан даргатай Боловсрол, соёл, урлагийн газрынхан эрдэнэтчүүдийн өмнө ямар ажил хийж байгаа, инженер, эрдэмтдийн хотын залгамж халаа ямар болсныг хар толгойгоороо хариуцах цаг болжээ, Д.Батлут дарга аа.

Эхлээд ЭЕШ-ын хичээл бүрээр манай аймаг өнгөрсөн онд ямар амжилт үзүүлсэнийг нэг бүрчлэн танилцуулъя. Өнгөрсөн жил англи хэлний хичээлээр 506 сурагч шалгуулсан. Нийт дүнгээр 21 аймгаас ердөө 8 дугаар байрт жагссан байх юм. Энэ бол бусад хичээлүүдийн хувьд хамгийн том амжилт болж байх шиг. Биологийн хичээлээр улсын хэмжээнд 18 дугаарт орсон байна. Уг нь манай аймагт Монгол улсын Гавьяат багш, биологийн багш Ж.Баасанжав гэдэг хүн ажил үйлсээрээ манлайлж явсан цаг үе мартагдсан гэж үү. Ж.Баасанжав багшийн шавь нар цагтаа улсад толгой цохиж байсан, түүний түүхэн гавьяаг өнөө цагийн дарганцаруудын нэг Ж.Бат-Амгалан нар ажил үйлсээрээ унагаалаа. Биологийн хичээлээр 83-хан хүүхэд шалгуулсан байх юм.

 

Олимпиад зохион байгуулсаны хүчинд өдий зэрэгтэй байгаа гэж үү

Өнгөрсөн онд газар зүйн хичээлээр 21 хүүхэд ЭЕШ өгчээ. Тэдний улсад эзэлсэн байр нь 14. Бүхэл бүтэн аймгийн хэмжээнд 21-хэн хүүхэд газар зүйн хичээлээр ЭЕШ өгөөд шалгуулагчид нь улсад 14-т орсоныг ойлгоход бэрх. Эндээс харвал аймгийн Боловсролын салбар элгээрээ хэвтсэн юм биш үү. Эрдэнэтийн газар зүйд Монгол улсын Гавьяат багш Г.Шарав гэж эрхэм хүн байлаа. Түүний байгуулсан гавьяа, хөдөлмөрийг манай аймгийн 21-хэн сурагч төлөөлж шалгуулаад авсан дүн нь улсад 14 дүгээр байр эзэлжээ. Энэ хичээлээр Хэнтийд 20 хүүхэд шалгалт өгөөд улсад тавд орсон байна. Увс аймгийн 26 сурагч шалгуулаад 12-т “давхижээ”. Гэтэл Эрдэнэтийн 21 сурагч шалгуулаад дөнгөн данган 14-т орж. Өнгөрсөн онд аймгийн татвар төлөгчдийн мөнгөөр газар зүйн улсын олимпиадыг орон нутагт зохион байгуулсан. Нээлтэн дээр нь дарга нар очоод уран цэцэн үг хэлж, аймгаас ийм ч тооны мөнгө төгрөгийг боловсролын салбарт зарцуулаа гэж гайхуулаад. Ердөө 21 хүүхэд шалгуулаад улсад 14-т жагсахын тулд Эрдэнэт хотод Газар зүйн хичээлийн улсын олимпиад зохион байгуулсан гэж үү. Олимпиад хийгээгүй бол 14-т биш 21-д орох байж л дээ.

Математикийн хичээлээр манай аймгийн 543 сурагч шалгуулж улсад чүү ай 16-д орсон байна. Бүх шинжлэх ухааны хаан нь архиметик хэмээн мэргэжлийн багш нар үглэдэг ч үр дүн нь иймэрхүү. Математикийн хичээлээр “Кенгеру”-гаас эхлээд 5-10 мянган төгрөгийн хураамжтай нэрэмжит олимпиад бүс, орон нутаг, улсын чанартай гээд олон ч удаа зохион байгуулдаг байсан. Зарим үед тэр олон олимпиад хүүхдүүдийн хувьд залхаан цээрлүүлэлт болдог. Дээр нь манай аймаг энэ салбарыг дэмжсээр ирсэн. Аймгийн ИТХ-ын даргын нэрэмжит математикийн “Масс” олимпиадад багагүй хэмжээний хөрөнгө зарцуулсан. Өнөөх “Масс” олимпиадын үр шим нь улсад 16 дугаар байр эзлэх хэмжээнийх байсан уу. Дарга цэрэггүй, багш шавьгүй нэртэй, нэргүй олон олимпиадад оролцоод улсын дунджаас хойгуур давхиж яваагийн хариуцлагыг дарга нартайгаа хамт үүрэх үү, эрдэнэтчүүд бид. Увс, Дундговь, Өвөрхангай аймгийн сурагчид математикийн хичээлээр өнгөсөн жил улсад эхний 3 байрт оржээ. “Эрдэнэт үйлдвэр”, их уурхайгаа авч явах ирээдүйн математикчид улсын дунджаас хойгуур давхиж яваад өнөөгийн эрх баригчдаас хариуцлага нэхмээр байна. Юун тэд УИХ-д нэр дэвших манатай юм болж байна, цаана чинь.

Эх хэлний хичээлээр сүүл мушгиж явна

Монгол хэлний хичээлээр 311 хүүхэд шалгуулж нийлбэр дүнгээрээ улсад 18-д жагслаа. Хэлэх ч үг алга. Бидний ард Сэлэнгэ,  Дорнод, Баян-Өлгий 19-21 дүгээр байрт орсон байна. Эрдэнэтийн ирээдүйг авч явах өнөөгийн хүүхэд багачуул эх хэлээ мэддэггүй болсон уу. Эсвэл эх хэлний хичээл зааж байгаа багш нар, эх хэлийг бодлогын төвшинд авч явах, мэргэжлийн удирдлагаар хангах БСУГ-ын дарга, мэргэжилтнүүдийн төвшин улсад 18 дугаар байрт эрэмблэгддэг болсон уу. Монголын түүх хичээлээр 39 хүүхэд шалгуулж нийлбэр дүнгээрээ 14 дүгээр байрт орсон нь бас л улсын дунджаас хойгуур үзүүлэлт. Их сонин дүр зураг харагдана, Дорноговийн хоёрхон хүүхэд шалгуулаад улсад 21-д давхисан дүр зургийг уншигч та энэ хүснэгтээс харж болно. Нийгмийн тухай мэдлэг хичээлээр 437 сурагч шалгуулж 19 дүгээр байрт явж  байна. Уг нь манай аймагт өнөө цаг үед улсад эхний таван хуруунд нэрлэгдэг Г.Буян, Ж.Сандагдорж нарын нийгмийн шинжлэх ухааны нэртэй багш нар ажиллаж байсан. Тэд Улаанбаатарт их, дээд сургуульд ажиллахаар одсон цагаас хойш нийгмийн ухааны хичээлээр нийтээрээ 19 дүгээр байр луу үсэрчихсэн бололтой. Уншигч танд  ганц ч атугай гялтайх мэдээ дуулгах болсондоо баярлав. Орос хэлний хичээлээр 35 сурагч шалгуулж улсад 1-т жагссан байх юм. Эрдэнэтийн орос хэлний багш нараар бахархая.

Физикийн хичээлээр 314 сурагч ЭЕШ өгч улсад 17 дугаар байрт үнэлэгдэв. Бас л улсын дунджаас нэлээн хойгуур давхиж явна. Химийн хичээлээр 95 сурагч шалгуулаад 15 дугаар байр эзэлжээ. Нэг хэсэг дөрөвдүгээр сургуульд Д.Дэлгэрмаа, Л.Гэрэл, Б.Наранцэцэг, Г.Нарантуяа нарын химийн сайн багш нар байлаа. Ангиараа улсад эхний байрт яригддаг байсан. Гэтэл өнөөдөр манай аймагт химийн шинжлэх ухаан хөсөр хаягдсан бололтой. Зарим нэг нь сургуулийн захирал болоод, нөгөө нэг  нь гавьяаны амралтад гарсан бол үлдсэн нь амьдралын мөр хөөгөөд ийш тийшээ шилжчихсэн. Өнөөдөр Эрдэнэтэд химийн нэр төрийг гавьяат багш С.Мэнджаргал л тахалж байгаа. Энэ хүснэгтээс харвал сонирхолтой зүйл байна. Увс аймгийн 208 хүүхэд химийн шалгалт өгөөд улсад 5-д, Өвөрхангайн 148 сурагч шалгуулаад улсад 2-т, Хэнтийн 77 сурагч 2019 онд улсад тэргүүн байр эзэлсэн байна.