Ж.Бат-Амгалангаар тогтохгүй дарга нарт хариуцлага тооцох цаг болжээ
Мэдээ мэдээлэл 2 сарын өмнө     640    1

Орхон аймаг ЭЕШ-ийн дүнгээр 2019 онд улсын хэмжээнд 18 дугаар байр эзэлсэн түүхэн амжилт үзүүлээд байна. Эрдэнэтийн боловсролынхон улсад айргийн тавд биш юм аа гэхэд эхний аравт явах чадвар боломж, нөөц гээд бүх нөхцөл бий. Энэ бүхэнд гагцхүү Эрдэнэт гэсэн сэтгэл дутаад байна, Засаг дарга аа. Өнөөдөр аймгийн БСУГ-ыг Ж.Бат-Амгалан удирдаж байгаа. Саяхан та аймгийнхаа төр, төсвийн байгууллагынхантай үр дүнгийн гэрээгээ дүгнэж, гэрээ байгуулсан. Ж:Бат-Амгалангийн ажлыг 2019 оны ЭЕШ-ын дүнгээр л үнэлэхэд “Онц муу” авахаар байлаа.

Гэтэл түүнд баяр хүргээд “Маш сайн ажиллалаа, амжилт хүсье” гээд гэрээ байгуулсаныг эрдэнэтчүүд ойлгохгүй байна. Юун гэрээ байгуулах вэ, хариуцлага тооцох ёстой биш үү. Өнөөдөр Монгол гэлтгүй дэлхий нийтээр коронавирусын халдвар тархаж энэ оны нэгдүгээр сарын 27-ноос хойш танхимын хичээл орохгүй байгаа. Удахгүй ЭЕШ-т болно. Төгсөх 12 дугаар ангийн сурагчид дахиад найман нэрийн хичээлээр ЭЕШ өгч аймгийнхаа төвшнийг тодруулна. Тэр үед бид 18 дугаар байрнаасаа хойш ухраад 21-т жагсвал бүх бурууг Коронад чихээд өнгөрөх үү.

2016 оны Орон нутгийн сонгуулиар аймгийн Засаг даргын орлогч С.Батжаргалын цүнхийг барьж гүйснийхээ шанд Ж.Бат-Амгалан БСУГ-ын дарга болсон. Өмнө нь энэ албыг О.Ариунгэрэлт хашиж байлаа. О.Ариунгэрэлтийн үед Эрдэнэтийн боловсрол арай ч ийм болтлоо сөхөрчихөөгүй байсан. Тухайн үед улсад эхний 10-т орж байсан удаатай. Ж.Бат-Амгалан бага ангийн багш мэргэжилтэй, биеийн тамирын багшийг эчнээгээр төгссөн дуулддаг. Хамгийн гол нь түүнийг салбарынхан нь хүлээн зөвшөөрдөггүй гэдэг. Салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн хүн л ажил хийнэ. Түүнээс биш сонгуулийн сурталчилгаанд сайн гүйж дарга болсноор Эрдэнэтийн хүүхдүүдийг сурлагын хоцрогдолд оруулсаар байх уу. Дээр нь аймгийн Засаг дарга Д.Батлут эрдэнэтчүүдийн өмнө буруутай. Тэр О.Ариунгэрэлтийг намын нэрээр шахаж оронд нь Ж.Бат-Амгаланг дарга болгосноор Эрдэнэтийн боловсрол өөдөлсөнгүй. Тэрбээр цаасан дээр ямар тоо бичиж, ямар ажил хийснээ тайлагнадаг байсныг нь эрдэнэтийн иргэд мэдэхгүй. Саяхан даа, Ж.Бат-Амгалангийн цаад эзэн нь болох аймгийн Засаг даргын орлогч С.Батжаргал намынхандаа “ Би хүн таньдаггүй юм байна. Бат-Амгаланг дэмий БСУГ-ын дарга болголоо. Энэ салбарын нэр хүнд муу байна. Намынхаа өмнө би буруу юм хийчихлээ” хэмээн толгой сэгсэрч, дуу алдсан тухай яриа Нутгийн удирдлагын ордноор нэг хэсэг хөвөрсөн.

Эрдэнэтийн боловсролд Ц.Ариунаа гэж дарга байлаа. Тэр хүний үеэс л төгсөх ангийн сурагчдаас БСУГ-ын даргын нэрэмжит шалгалтыг жилд 2-оос доошгүй удаа авч дүнг нэгтгэн анализ хийдэг байсан. Дээр нь БСУГ-ын мэргэжилтнүүд шалгалтын мөрөөр мэргэжлийн багш нар, сурагчдын дунд ажилладаг байж. Тэрхүү уламжлалыг О.Ариунгэрэлт ч үргэлжлүүлсэн. Тэдний ажлын үр дүнд Эрдэнэтийн боловсрол элгээрээ хэвтэх нь бүү хэл орос хэл, хими гээд нэр бүхий мэргэжлийн хичээлүүдээр “Эрдэнэтийнхэн дийлдэхгүй, мундаг” гэсэн нэр өнөөдөр түүх болон үлдсэн гэж үү. Одоо эрх баригчид О.Ариунгэрэлтийг шүүхийн шийдвэрээр ажилд нь эргүүлэн томилж салхи оруулахгүй бол эсвэл Ц.Ариунаа даргыг тэтгэвэрээс нь чөлөөлж ахин залахгүй бол Эрдэнэтийн боловсролын ирээдүй үнэхээр бүрхэг байна.

Д.Батлут дарга “Багш” дэд хөтөлбөр боловсруулж ихээхэн хүч, хөрөнгө зарж байгаа ч эргэж харахгүй бол тэнд асуудал байгаа дуулдана. Зарцуулах ёстой хөрөнгө нь зохих эзэддээ хүрдэггүй, 100 залуу багш цуглах бол 50-60-ыг дуудаад бүтнээр нь мөнгө, төгрөгийн тооцоо хийдэг болсон зэргээс дурьдвал багагүй асуудал буй бололтой. Ямар ч байсан, Эрдэнэтийн иргэд хүүхэд багачуудынхаа боловсролын төлөө, ирээдүйн төлөө дуугүй суугаад байхгүй болов уу. Таны, миний, чиний төгсөх 12 дугаар ангийн  хүүхэд ЭЕШ-т өгөөд тааруухан дүн үзүүлээд байвал үг дуугүй хүлээн зөвшөөрөөд л суух уу.