"Эрдэнэт үйлдвэр”-т тогтоосон Онцгой дэглэм үргэлжилнэ
Мэдээ мэдээлэл 2 сарын өмнө     192    0

"Эрдэнэт үйлдвэр”,  "Монголросцветмет"  ХХК-иудыг  2019 оны гуравдугаар сарын 21-ний өдрөөс эхлэн Засгийн газрын тогтоолоор 100 хувь ТӨҮГ болгон  өөрчлөн байгуулж, дүрмийг нь баталж, Засгийн газар шууд хяналтадаа авч зургаан сарын хугацаагаар хоёр удаа сунган УИХ-ын тогтоолоор онцгой дэглэм тогтоон үйл ажиллагааг нь үргэлжүүлж байгаа билээ. Онцгой дэглэмийн хугацаа 2020 оны гуравдугаар сарын 13-ны өдрөөр дуусгавар болсныг “Монгол Улсын Засгийн газарт эрх олгох тухай хууль”-ийн нэгдүгээр зүйлийг үндэслэн дахин 6 сараар сунгаж Засгийн газрын тогтоолоор баталгаажуулжээ.

 "Эрдэнэт" үйлдвэр, "Монголросцветмет" ТӨҮГ-уудын үйл ажиллагаа хэвийн, тасралтгүй бөгөөд ашигтай ажиллаж байгаа хэдий ч тус компаниудын 49 хувийн энгийн хувьцааг Хөгжлийн банк болон Монголбанкнаас “Худалдаа хөгжлийн банк”-нд байршуулсан мөнгөн хөрөнгө, ногдол ашиг, вексель зэрэг эх үүсвэрээс суутган тооцох хэлцэл хийж, төрийн өмчид авах арга хэмжээг зохион байгуулах ажлыг хийж гүйцэтгэх гэнэ. Мөн Хууль хяналтын байгууллагад шалгагдаж байгаа ашиг сонирхлын зөрчилтэй Эрдэнэт үйлдвэрийн эрх ашигт нийцээгүй гэрээг хүчингүй болгох  асуудал өнөөг хүртэл шийдэгдээгүй, уг хэрэг маргааныг шийдвэрлэхэд зайлшгүй хугацаа шаардагдаж байгаа нь  Онцгой дэглэмийг сунгах шалтгаан болжээ.

“Эрдэнэт үйлдвэр”-ийг  ТӨҮГ  болгон өөрчилж, онцгой дэглэм тогтоосон хугацаанд 2019 онд үйлдвэрлэл эдийн засгийн төлөвлөгөөт зорилтуудыг давуулан биелүүлж, 516.8 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласнаар улс, орон нутгийн төсөвт 961.7 тэрбум төгрөгийг төвлөрүүлжээ. Энэ нь тус үйлдвэрийн түүхэнд хамгийн их орлого төвлөрүүлсэн жил болсон.  Мөн үйлдвэрийн газруудын үйлдвэрлэлийн тасралтгүй хэвийн үйл ажиллагаа хангагдаж, технологийн горим, ажлын хариуцлага, сахилга дэг журам сайжирч, үйлдвэрийн газрын үйлдвэрлэл, эдийн засгийн зорилтууд биелэж цэвэр ашиг нь нэмэгдсэн байна.

Иймд шаардлагатай арга хэмжээг тухай бүр авч ажилласан "Эрдэнэт" үйлдвэр ТӨҮГ, "Монголросцветмет" ТӨҮГ болон холбогдох бусад байгууллагын ажлыг сайшаан мөн өдрийн хуралдаанаар Засгийн газрын тэмдэглэлд тусгалаа хэмээн  Засгийн газраас мэдээллээ.