Г.Ганбаатар: Тэнэмэл иргэдийг маскжуулна
Нийгэм, Улс төр 2 сарын өмнө     244    0

Аймгийн Онцгой комиссын дэд дарга хурандаа Г.Ганбаатар мэдээлэл хийлээ.  Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга хурандаа н.Ууганбаяр төвийн хэвлэлээр “Эрдэнэтэд таван хүн тусгаарлалтаас гараад гэртээ хариагүй байсан. Үүнд цагдаагийнхан арга хэмжээ авсан” тухай мэдээлсэн.  

Энэ тухайд хурандаа Г.Ганбаатар “Манай аймагт, тэр дундаа Эрдэнэт хотод тусгаарлалтад байсан Эрдэнэтийн иргэдээс тийм явдал болоогүй. Улаанбаатарт тусгаарлагдсан иргэд тусгаарлалтаас гарахдаа гэрийн хаягаа янз бүрээр өгөх тохиолдол гарсан. Зарим хүн Эрдэнэтийн хаяг өгсөнөөс ийм асуудал үүссэн. Түүнээс биш манай хотод тусгаарлалтаас гарсан Эрдэнэтийн иргэн гэртээ очилгүй удсан  зүйл болоогүй. Өнөөдрийн байдлаар Эрдэнэт сувилал, Эрдэнэт буудалд 40 гаруй хүн тусгаарлалтад байгаа. Маргаашнаас зарим иргэний тусгаарлалтын хугацаа дуусна.

Цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор ЕБС-ийн багш нар гудамж талбайд эргүүл хийнэ. Эцэг эхчүүдийн хувьд 17.00 цагт ажлаас тарж байгаа. Энэ үеэр хүүхдүүд гэрээсээ гарах, тоглох нь эрс нэмэгдсэн. Иймд эцэг, эхчүүдийн хувьд хүүхдээ бөөгнөрүүлэхгүйгээр агаар салхинд гаргах боломжтой. Түүнээс биш хүүхдүүдийг гэрээс гаргахгүй гэж хориогүй. Маскны хувьд манай аймгийн эмийн сангуудад хангалттай бий. Дээр нь иргэдийн хувьд нөөц бололцоогоо ашиглан амны хаалт оёод зүүх боломж байгаа. Аймгийн Онцгой комиссоос зарим төрийн байгууллагтай хамтран тэнэмэл иргэдийг маскжуулах ажлыг зохион байгуулна” хэмээлээ.