ТАНИЛЦ: “Эрдэнэт ус”-ын ТУЗ-ийн гишүүд
Мэдээ мэдээлэл 2 сарын өмнө     581    3

     “Хэрэглэгчдийг төлбөрөө хугацаанд нь төлүүлж хэвшүүлэхийн тулд Алданги тооцдог гаж гэмээр уриатай “Эрдэнэт ус, дулаан түгээх сүлжээ” ОНӨҮГ-ын ТУЗ буюу Төлөөлөн удирдах Зөвлөлийг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2017 оны гуравдугаар сарын 9-ний 29 дүгээр тогтоолоор баталжээ. 

Тус байгууллагын ТУЗ нь албан ёсны 6 гишүүнтэй ажээ. ТУЗ-ийн даргаар аймгийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч Д.Эрдэнэбат ажилладаг. Гишүүдэд аймгийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч Д.Батбаяр, аймгийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч Д:Батбилэг, аймгийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч, “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Эрхбаатар, аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Цахилгаан дамжуулах Үндэсний сүлжээ компанийн Орхон аймаг дахь салбарын мэргэжилтэн В.Адъяа, Барилга, хот байгуулалтын яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Л.Батжаргал нар багтдаг юм байна. Тоон дотор үсэг цохиж явна гэдэгчлэн яахаараа Орон нутгийн өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын ТУЗ-д Барилга, хот байгуулалтын яамны газрын дарга нөхөр цохиж явааг тодруулах гэсэн боловч мэдэх хүн байсангүй.

ТУЗ-ийн гишүүдийг нь сайн ажиглавал Эрдэнэт хотдоо л томоохонд орох дарга нар болох аймгийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгчид зонхилжээ. Аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийн олонхи нь Эрдэнэт хотдоо том даргын албан тушаал ахидаг. Тэд сардаа 1.2-оос 8 сая төгрөгийн цалинтай, Урамшуулалт цалин, үр дүнгийн гэрээний нэмэгдлийг нь тооцвол багагүй хэмжээний нэмэгдлийг хүртчихдэг тэдэнд гэрэл цахилгаан, дулаан, ус ашигласныхаа төлбөрийг сар сард нь төлөх бол юу ч биш. Дээр нь аймгийн ИТХ-аас төлөөлөгчөөр сонгогдсоны шагналд сар бүр 500 мянган төгрөг өгнө. Тойрогт ажилласны мөнгө гэж ч бий байх. Ингээд бодохлоор аймгийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч дарга нарын амьдрал цар тахлын үед ч, газар хөдөлж байсан ч байнгын цалин, нэмэгдэл орлоготой учраас санаа зовох юмгүй.

Тэгвэл Эрдэнэт хотын иргэн н.Баяраа түрээсийн байранд фитнес ажиллуулдаг. Хөл хорио, цээрийн үед бараг хоёр сар шахам хугацаанд хаалгаа бариулсан. н.Баяраагийн хувьд байрны түрээсээс эхлээд гэрэл цахилгаан, дулаан, усны төлбөртөө сүүлийн хоёр сард багагүй хэмжээний үнийн дүн бүхий алданги төлж байх жишээтэй. Иргэн н.Баяраатай адилан зовлонтой олон иргэн Эрдэнэтэд бий. Тэр бүү хэл талхаа таллаж авч байгаа, ургамлын тосоо 100 граммаар хажуугийнхаа хүнсний дэлгүүрт Өрийн дэвтэрт зээл хэмээн бичүүлж авч байгаа иргэн юу яасны Алдангины мөнгө төлөх вэ.

Амьдрал ийм байхад “Эрдэнэт ус”-ын ТУЗ-ийнхөн иргэдийнхээ төлөө хуруугаа ч хөдөлгөхгүй, харин ч  “Хугацаандаа төлбөрөө төлж чадахгүй бол хэтэвч рүү нь олигтойхон өнгийж алданги ав” хэмээн сууж байгааг та бүхнийг сонгосон иргэн, сонгогчид чинь ч ойлгохгүй байна.