Аймгийн ИТХ 33 биш 35 төлөөлөгчтэй болно
Мэдээ мэдээлэл 2 сарын өмнө     211    0

           Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралджээ. Хурлаар цөөнгүй асуудал хэлэлцсэний нэг нь орон нутгийн сонгуулийн тойрог байгуулж, мандатын тоог тогтоосон байна. Тэргүүлэгчдийн тогтоолоор ирэх намар болох Орон нутгийн сонгуулиар манай аймгийн ИТХ 35 төлөөлөгчтэй болно. 

Харин тойргийн тоог нэгээр нэмжээ. Өнөөдрийн байдлаар аймгийн ИТХ-д 22 тойргоос сонгогдсон 33 төлөөлөгч байгаа. Тэгвэл энэ удаагийн аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлын шийдвэрээр аймгийн ИТХ-ын 22 тойргийг 23 болгон нэмжээ. Нэмэгдсэн тойрог нь  Жаргалант сумын Малчин багт байх гэнэ. Энэ нь “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль”-ийн “... баг бүрт нэг тойрог байна...” хэмээсэн тодорхой заалтын дагуу ийнхүү нэг тойрог болон нэмэгджээ. Энэ тойрогт нэг мандат ноогдсон. Харин нэмэгдсэн нөгөө нэг мандат нь Урт булаг багт юм. Ингэснээр Урт булаг баг хоёр мандаттай тойрог болж байна.

Үе үеийн аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид сонгуулийн тойрог, мандатын тоог өөрчлөх байдлаар тодорхой шийдвэр гаргаж байсан. Тухайлбал, 2016 оны дөрөвдүгээр сард хуралдсан тухайн үеийн аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид сонгуулийн тойрог, мандатыг өөрчилж байсан. Өөрчлөлтөөр Уурхайчин баг гурван мандаттай болж, Цагаанчулуут нэг мандатаа алдаж байлаа. Харин тухайн үеийн аймгийн ИТХ дахь сөрөг хүчин болох МАН-ынхан энэ шийдвэрийг хүчтэй эсэргүүцэж амжилт гаргасан юм. Үүний үр дүнд Цагаанчулуут баг хоёр мандаттай болж өнөөгийн Баян-Өндөр сумын Засаг дарга С.Ганцогт нэр дэвших эрхтэй болж улмаар аймгийн ИТХ-ын төлөөлөгч болсон. Дараа нь Баян-Өндөр сумын Засаг даргын сэнтийд заларсан. Түүнээс биш С.Ганцогт өдийд сумын Засаг дарга ч үгүй, Ёс заншлын өргөө ч үгүй хаа нэгтээ алхаж явах байсан болов уу.