Б.АЛТАНГЭРЭЛ: Эрдэнэт үйлдвэрт төдийгүй Монгол Улсын эдийн засагт чухал нөлөө үзүүлнэ...
Уул уурхай 2 сарын өмнө     93    0

Эрдэнэт үйлдвэрийг 2031 он хүртэл хугацаанд хөгжүүлэх Үндсэн чиглэлд нуруулдан уусгах SX/EW технологиор исэлдсэн хүдэр боловсруулах болон зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр барих хоёр төсөл багтсан. Нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр зорьсон ажлын явцын талаар Хөгжлийн хэлтсийн Тэргүүлэх металлургич инженер Б.Алтангэрэлээс тодруулсан юм.  

-Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах металлурги-химийн үйлдвэр барьж байгуулах төслийн явцын талаар мэдээлэл өгнө үү?

-“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг түшиглэн зэсийн баяжмал хайлуулан боловсруулж эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх талаар олон жил яригдаж байна. Энэ хугацаанд бид олон туршилт, судалгаа хийж, техник эдийн засгийн үндэслэлийг гаднын болон дотоод хүч, нөөц бололцоогоо ашиглан гүйцэтгэж ирсэн. Монгол Улсын Засгийн газрын 2019 оны тавдугаар сарын 29-ний өдрийн 214 дүгээр тогтоолоор “Хүнд үйлдвэрийн хөгжлийн үндэсний хөтөлбөр”-ийг баталсан. Мөн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 224 дүгээр тогтоолын дагуу “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг түшиглэн уул уурхай, металлурги-химийн үйлдвэрийн цогцолбор барьж байгуулах боломжийг судлан санал боловсруулж Засгийн газарт танилцуулах үүрэг өгөгдсөн. Эрдэнэт үйлдвэрийг 2031 он хүртэл хугацаанд хөгжүүлэх үндсэн чиглэлд зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах  металлурги-химийн үйлдвэр барьж байгуулах,  исэлдсэн болон зэсийн бага агуулгатай сульфидын хүдрийг нуруулдан уусгах SX/EW технологиор катодын зэсийн үйлдвэр байгуулах гэсэн хоёр төсөл тусган хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. 

-Катодын зэсийн үйлдвэр барих төслийн тухайд...?

-Манай хүдрийн нөөц нэмэгдэж байгаа. 2015 онд техник эдийн засгийн үндэслэл боловсруулж Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр батлуулсан байдаг. Ил уурхай дахь исэлдсэн хүдрийн овоолгуудад хуримтлагдсан хүдрийн нөөц, “Эрдэнэтийн-Овоо” ордын баруун хойд ба төвийн ордын нэгдсэн уурхайгаас  ирээдүйд ашиглах явцад үүсэх исэлдсэн болон сульфидын хүдрийн нөөцөд үндэслэн Нуруулдан уусгалт–SX/EW технологиор барих үйлдвэрийн хүчин чадлыг жилд 10 мянган тонн катодын зэс байхаар тооцоолсон. Одоо энэ төслийн нарийвчилсан зураг төсөл боловсруулах зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгч шалгаруулах тендер үргэлжилж байна.  

-Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр барих төслийн ажил хэр урагштай явна?  

-Эрдэнэт үйлдвэр өөрийн инженер техникийн ажилчдынхаа нөөц бололцоог ашиглаад 2011, 2013, 2015 онд судалгааны ажлууд хийсний үр дүнд хайлуулах, цэвэршүүлэх үйлдвэрийн технологи сонгосон. Хайлах үйлдвэрийн олон  технологиудад харьцуулсан судалгаа хийснээр БНХАУ-д бий болсон SKS технологийг хөрөнгө оруулалт, ашиглалтын зардал, түүхий эдийн нөөц бололцоогоор Монголын нөхцөлд хамгийн боломжтой гэж үзсэн. 2015 онд энэ технологиор ТЭЗҮ боловсруулж, тухайн үеийн Аж үйлдвэрийн яамны Шинжлэх ухаан технологийн зөвлөлөөр дэмжсэн. Харин Засгийн газар Бор-Өндөрт байгуулахаар шийдвэрлэсэн байдаг. Өнөөдөр бид тухайн ТЭЗҮ-д тодотгол хийх хэрэгтэй. Энэ технологи шинэ шатанд хүрсэн, олон өөрчлөлт, нэмэлтүүд орсон. 

-Зэсийн баяжмал хайлуулах үйлдвэрээс ялгарах хүхрийн давхар исэл агуулсан хийн асуудал олон жилийн толгойны өвчин байсаар ирсэн. Үүнийг хэрхэн шийдэх вэ?   

-БНХАУ-ын China ENFI Engineering компанитай хамтран Металлурги-химийн үйлдвэрээс ялгарах хүхрийн давхар исэл агуулсан хийг нунтаг нүүрсээр боловсруулж, элементийн хүхэр гарган авах лабораторийн туршилтыг хийж гүйцэтгэсэн одоо тус технологийн үйлдвэрлэлийн туршилтын ажлыг хийж гүйцэтгэхээр ажиллаж байна. Хэрэв туршилт үр дүнтэй болбол том алхам болно. 

-Элементийн хүхэр гаргах нь ямар давуу талтай вэ? 

-Хүхрийн хүчлийн хэрэглээ монголд хязгаарлагдмал, тээвэрлэх, хадгалах боломж бололцоо хомс. Харин элементийн хүхэр хэмжээний хувьд харьцангуй бага, хуурай төлөв байдалтай, дараагийн шатны химийн үйлдвэрлэлд ашиглах боломжтой. Ойролцоогоор 600 мянган тонн зэсийн баяжмал боловсруулахад 200-аад мянган тонн элементийн хүхэр гарах урьдчилсан тооцоо бий. Харин хүхрийн хүчил үйлдвэрлэвэл энэ хэмжээний баяжмал боловсруулахад 600 мянган тонн хүхрийн хүчил гарна. Түүнийг хадгалах, саармагжуулах, тээвэрлэх зардал маш өндөр. Борлуулъя гэхээр монголд хэрэглээ байхгүй. Тиймээс элементийн хүхэр үйлдвэрлэх технологи нэвтрүүлэхээр Хятадын компаниудтай хамтран ажиллаж байна.  

-Элементийн хүхрийг юунд ашиглах вэ?

-Элементийн хүхрийн хэрэглээ өндөр. Ихэнхдээ хүхрийг фосфатын бордоо үйлдвэрлэлийн чухал химийн түүхий эд болох хүхрийн хүчлийг үйлдвэрлэхэд ашигладаг байна. Тиймээс хүхрээс хүхрийн хүчил, хүхрийн хүчлээс фосфатын бордоо үйлдвэрлэх нь хүхрийн хэрэглээний гол салбар юм. Үүнээс гадна хүхрийг хөнгөн үйлдвэрүүд, эмийн болон бусад үйлдвэрлэлд өргөн хэрэглэгддэг титаны давхар исэл, нүүрстөрөгчийн дисульфид, уусдаггүй хүхэр болон бусад бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд ашигладаг. Жишээ нь БНХАУ 2018 онд 10,7 сая тонн хүхэр импортолсон бөгөөд импортын дундаж үнэ нь 153.2 ам.доллар/тонн байсан. Үүний 60 хувь нь фосфатын бордоо үйлдвэрлэхэд зориулагдсан байна

-Ингэхэд, энэ хоёр үйлдвэр маань хэзээ баригдаж, ашиглалтад орох вэ? 

-Эрдэнэт үйлдвэр Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн ТЭЗҮ-ийг БНХАУ-ын China Volant Industry болон China ENFI Engineering компаниудтай хамтран боловсруулсан. Аж үйлдвэрийн яамны дэргэдэх Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн дүгнэлтээр дэмжигдсэн. Гүйцэтгэгч талаас урьдчилсан байдлаар өгсөн ТЭЗҮ-д металлурги-химийн үйлдвэрийг ойролцоогоор 36 сарын дотор буюу гурван жилийн хугацаанд барьж байгуулахаар тооцоолж байсан. Катодын зэсийн үйлдвэрийн хувьд ерөнхийдөө өргөн дэлгэрсэн технологи болохоор хоёр жилийн дотор барьж байгуулах боломжтой. Гэхдээ ТЭЗҮ-ийн үр дүнг харж байж шийдэх болов уу. 

-Элементийн хүхэр үйлдвэрлэх технологи нэвтрүүлсэн газар байдаг уу?   

Хүхрийн давхар ислийг шууд катализаторын орчинд янз бүрийн ангижруулагчаар, хүхэр устөрөгч, нүүрс хүчлийн монооксид, метан, нийлмэл хийгээр ангижруулан элементийн хүхэр гарган авах нь эртнээс танил болсон технологи юм. Зэс хайлах үйлдвэрээс ялгарах хүхрийн давхар исэл агуулсан хийг байгалийн хийгээр ангижруулан элементийн хүхэр үйлдвэрлэдэг, Финляндын Outokumpu компанийн боловсруулсан технологи ОХУ-ын Норильск Никель Уул уурхай металлургийн цогцолборын үйлдвэрлэлд нэвтэрсэн байдаг. Элементийн хүхэр үйлдвэрлэхийн тулд гурав дөрвөн тусдаа технологи ашиглана. Байгалийн хий, нефть боловсруулах үйлдвэрүүдэд ашиглагддаг блок технологиудыг нийлүүлээд зэсийн баяжмал хайлах үйлдвэрийн хийг боловсруулах чиглэлээр ашигладаг газар байхгүй. Харин бид тэр технологиудыг нэгтгээд элементийн хүхэр үйлдвэрлэх технологи гаргаж авах боломжтой гэж судалгааны үр дүнд үзсэн. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ China ENFI Engineering компанитай хамтран тус чиглэлээр үйлдвэрлэлийн туршилт зохион байгуулахаар ажиллаж байна.  

-Энэ хоёр төсөл амжилттай хэрэгжлээ гэхэд Эрдэнэт үйлдвэрт, цаашлаад Монгол улсад ямар үр ашиг авчрах вэ? 

-Эрдэнэт үйлдвэр жилд 32 сая тонн хүдэр боловсруулаад 600 гаруй мянган тонн зэсийн баяжмал экспортод гаргадаг. Өөрөөр хэлбэл эцсийн бүтээгдэхүүн биш, дараагийн шатны үйлдвэрлэлийн түүхий эд гэсэн үг. Харин зэсийн баяжмал хайлах үйлдвэр байгуулснаар тээвэрлэлтийн зардал багасна, орлого нэмэгдэнэ, аранжин зэсээр эд анги, труба хоолой гэх мэт бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж нээгдэнэ, жижиг дунд үйлдвэрлэл хөгжинө, ажлын байр шинээр нэмэгдэнэ гээд олон давуу тал бий болно. Түүнээс гадна зэсийн баяжмалтай цуг гардаг алт, мөнгө зэрэг дагалдах металлуудыг ялган авах нөхцөл бүрдэнэ. Энэ утгаараа зөвхөн Эрдэнэт үйлдвэрт төдийгүй Монгол улсын эдийн засагт нөлөөлөх өндөр ач холбогдолтой. Дэд бүтэц, тээвэр ложистик, хангамжийн асуудал, сервис  үйлчилгээ дагаж хөгжихөөс эхлээд олон боломж нээгдэнэ. Төслийн хувьд эдийн засагчдын тооцоолж байгаагаар хөрөнгө оруулалтын хэмжээ нь өндөр, эргэн төлөгдөх хугацаа нь урт байж мэднэ. Гэхдээ улсын үйлдвэржилтэд том түлхэц үзүүлэх юм.  

-Байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл нь хэр бол...?

-Технологи хөгжөөгүй дээхэн үед сөрөг нөлөө байсныг үгүйсгэхгүй. Өнөөдөр технологи маш өндөр түвшинд хүрсэн. Хүхэр барилтыг бүрэн шийдэх боломжтой болчихлоо. Хайлуулалтаас гарах хий, хүхрийн давхар ислийг 98 хувь хүртэл барих боломжтой болсон. Өөрөөр хэлбэл Металлурги химийн үйлдвэрээс гарах хий, ус, хаягдал нь Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй бүх стандарт шаардлагад  нийцэхүйц болж хөгжсөн.. 

-Баярлалаа.