М.ДАВААЖАВ: Төслийг мэргэжлийн химичид хэрэгжүүлэх нь үр дүнтэй
Уул уурхай 2 сарын өмнө     87    0

Эрдэнэт үйлдвэрийн Чанарын хяналтын хэлтсийн химич-инженер М.Даваажавтай уулзаж “Химийн хорт аюултай бодисын менежментийг сайжруулах нь” сэдэвт төслийн хэрэгжилтийн талаар сонирхсон асуултдаа хариулт авлаа. 

-Манай үйлдвэрт химийн хорт ба аюултай  технологийн бодисуудын  шошгыг  хууль эрх зүйн хүрээнд  шинэчилж байна. Энэхүү төслийн талаар ярина уу?

-Уг төсөл хэрэгжээд 11 сар болж байна. Монгол Улсын шинжлэх ухааны академи, Эрдэнэт үйлдвэртэй хамтын ажиллагааны хүрээнд судалгааны сэдэвтэй төслийн ажлууд хийж байна. Энэ ажлын нэг нь “Химийн хорт аюултай бодисын менежментийг сайжруулах нь” сэдэвт төсөл юм. Уг төслийн хүрээнд Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагааны хэрэгцээт химийн хорт аюултай бодисын лавлах мэдээллийг боловсруулах, шошгожуулах, хор аюулын ангиллыг тогтооно. Хүдэр олборлолтоос эцсийн дамжлага болох  зэс молибдены баяжмал гаргах хүртэлх үйл ажиллагаанд Эрдэнэт үйлдвэр жилд 120 мянган тонн химийн бодис урвалд оруулж хэрэглэдэг. Өөрөөр хэлбэл 370-аад төрлийн химийн бодис ашиглан үйлдвэрлэл явуулж байна. Эрдэнэт үйлдвэрт ашиглаж буй химийн хорт ба  технологийн аюултай бодисуудын  шошгыг  хууль эрх зүйн хүрээнд  Олон улсын болон үндэсний стандартад нийцүүлэн хийж байгаа нь энэ төслийн онцлог юм. Зорилго нь химийн хорт болон аюултай бодистой харьцан ажилладаг ажилтан, хяналтын ажилтан, авран хамгаалах ажилтан аюулгүй ашиглах, хүний эрүүл мэнд, байгаль орчинд ямар нөлөө үзүүлдгийг хор аюулын лавлах мэдээллээр дамжуулан олгох явдал юм. Тэгэхээр иргэн, албан газар, аж ахуйн нэгжүүд химийн хорт бодисын тухай хууль, журмуудад тусгасан ашиглалтын шошготой байна гэсэн заалттай.  Уг журам заалтыг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. 

-Төслийн баг хэчнээн хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна вэ?  

-Төслийн удирдагчаар Н.Мэргэнбаатар дарга ажиллаж байна. Миний бие төслийн санаачлагч нь. Манай төслийн багийг 15-25 жил химийн мэргэжлээр ажилласан хүмүүс бүрдүүлж байна. Зөвлөхөөр үйлдвэрийн Цацрагийн аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн Ц.Оргил, Гамшгийн штабын Тэргүүлэх мэргэжилтэн Энхболд ажиллаж байгаа.  

-Төслийн ач холбогдол юу вэ?

-Энэ төслийг хэрэгжүүлснээр химийн хорт болон аюултай бодисоос үүсэх эрсдэлийг урьдчилан тооцоолох боломжтой. Бид үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд ашиглаж байгаа химийн бодис урвалжийг хүний эрүүл мэнд, байгаль орчинд хортой юу, хор аюултай юу гэдгийг мэднэ. Тухайлбал, “Эрдэнэт” сувилал цогцолборынхон Баяжуулах үйлдвэрийн Урвалжийн хэсэгт ашигладаг химийн бодисын ангиллыг мэдсэнээр  амьсгалын эрхтэн цочрох бодистой ажилладаг юм байна гэдгийг тодорхойлох жишээтэй. Уг төслийг хэрэгжих явцад сургалт явуулна. Химийн бодистой харьцдаг ажилчдын багш нар нь энэ төсөлд ажиллаж байгаа. Тэгэхээр бид төслөө хэрэгжүүлээд  химийн хорт бодисуудтай ажилладаг ажилтнуудад хичээл заана. 

-Өмнө нь хаягжуулж ангилах ажил хийгдэж байсан уу?

-Урьд нь ийм стандартад нийцсэн зүйл дутмаг байсан. 2013 онд “Химийн бодисын  ангилал, хаягжуулалтын нэгдсэн систем” ( “Globally harmonized system” GHS)-ийг НҮБ-аас  гаргасан. 2015 онд уг системийг ашиглан химийн хорт болон аюултай бодисын ангилал, ашиглах аргачлалыг боловсруулж баталсан. Төслийн хүрээнд НҮБ-аас гаргасан системийн дагуу  Олон улсын стандартад нийцсэн шошго хаягжуулалт хийгдэнэ. Манай үйлдвэрийн Чанар хяналтын хэлтэс дээр бүх лабораториуд төвлөрдөг. Эрдэнэт үйлдвэрийн бүтээгдэхүүний чанарыг химийн мэргэжилтнүүд хянадаг. Өөрөөр хэлбэл химийн лабораторийн нарийн үйл ажиллагааг зөвхөн мэргэжилтнүүд л мэднэ. Тэгэхээр мэргэжлийн химичид энэ төслийн ажлыг  хэрэгжүүлэх нь үр дүнтэй. Энэ ажилд үйлдвэрийн Байгаль орчин ногоон хөгжлийн хэлтэс хяналт тавьж ажиллаж байна.

-Цаашид ямар ажлууд хийгдэх вэ? 

-Ажлын төлөвлөгөө гаргасан. Энэ онд төслийн үйл ажиллагаа явагдаж дуусна. Бид хор хаягийн шошгыг 370-аад бодист хийж байгаа.  Америк, Англи, Австралийн сайтаас химийн бодис урвалжийн “Хор аюулын лавлах мэдээлэл”-ийг  татан орчуулж, стандартуудад нь нийцүүлэн ашиглаж байна. Төслийн лавлах мэдээллийн боловсруулалт, ангилалт, хаягжуулалтын ажил 70 хувьтай явж байна. Эх бэлтгэлийн  ажил таван сард дуусна. Дараа нь хэвлэх, ажлын байранд тавих үе шаттай ажил хийгдэнэ. 

-НҮБ-аас гаргасан энэ олон улсын химийн хорт аюултай бодисын стандартыг хэдэн орон мөрдөн ажиллаж байна вэ?

 -Хятад, Солонгос, Япон, Орос, АНУ, Австрали, Канад зэрэг олон орнууд энэхүү системийг мөрдөж байгаа. Яагаад бид олон улсын хаягжуулалтын нэгдсэн системд орох ёстой вэ гэхээр гаднаас химийн бодис авдаг. Уг систем гарахаас өмнө хор аюулын тэмдэг, тэмдэглэгээ дээр ялгаа гарч байсан. Одоо  дэлхий нийтээр энэхүү системийг ашиглаж  ангилал, хаягжуулалтын стандартыг бий болгон хэрэглэж байна. Өнөөдрийн байдлаар үйлдвэр химийн бодисыг Америк, Солонгос, Хятад, Оросоос авч байна. Энэ бүгд нэг стандартад байна гэсэн үг. Тэгэхээр олон улсын ийм стандартыг манай үйлдвэр мөрдөнө. Тус үйлдвэр зах зээл дээр их хэмжээний химийн бодис хэрэглэдэг. Өнөөдөр үйлдвэрийн технологийг химийн бодисгүйгээр төсөөлөхийн аргагүй. “Химийн бодисын  ангилал, хаягжуулалтын нэгдсэн систем” (GHS) -ийг үйлдвэрлэлд нэвтрүүлнэ. Химийн нэгдлүүд, хольцуудын хор, аюулыг ангилах, зэрэглэх, хаягжуулах шалгуур үзүүлэлтийг ашиглах системийг Эрдэнэт үйлдвэр мөрдөнө. Өмнө нь тэмдэг, тэмдэглэгээг улбар шар дотор хийдэг байсан. Одоо олон улсад мөрдөх системийн тэмдэг, тэмдэглэгээг ашиглана. Дэлхий нийтэд химийн хорт бодисыг ангилах, хаягжуулах асуудал  нэлээн асуудал дагуулж ирсэн байдаг. 2013 оны системд үндэслэн улс орнууд хууль эрх зүйн боловсруулалт хийгээд химийн хорт бодисыг хаягжуулж, ангилах стандарт гаргасан. Энэ нь шинэлэг ажил болж, манай үйлдвэрт нэвтэрч байна. Бид үйлдвэрлэлийн технологид их хэмжээний химийн бодис ашиглах атлаа Олон улсын хэмжээнд хэрхэн хаягжуулах түвшинд хүрээгүй. Энэ төслийг хэрэгжүүлснээр химийн хорт бодисыг Олон улсын хэмжээнд нийцүүлэн хаягжуулна. Ингэснээр тэмдэг, тэмдэглэгээ, хор, аюулын талаарх бүх мэдээллийг химийн бодистой харьцан ажилладаг хүн хараад мэднэ. Ажлын даалгавар авсан хүн тэмдэг, тэмдэглэгээнд тусгасан мэдээллийг ойлгож ажиллана гэсэн үг. Натрийн нитриттэй ажиллах хүн ийм эрсдэлтэй. Хэрэв эрсдэлд орвол ийм арга хэмжээ авна. Хор нөлөө нь ямар эрхтэнд нөлөөлж болзошгүйг ангилаад өгчхөж байгаа. Өөрөөр хэлбэл мэргэжлийн ажилтан хүн, өөрийгөө болоод бусдыг эрсдэлээс хамгаалах хэрэгцээтэй мэдээллээ бүрэн авах боломжтой. 

-Цаг гарган ярилцсанд баярлалаа.