Эрдэнэтийн Азар, Базар, Тазар гурав
Нийгэм, Улс төр 28 өдрийн өмнө     259    0

Үлгэр ингэж эхэлдэг. “Азар, Базар, Тазар гурав” нэртэй Монгол ардын нэгэн үлгэр байдаг. Ийм нэртэй гурван нөхөр Эрлэг номун хааныхаас энэ замбуулинд ирж өглөгч хаанаас 3 зүйл хүсдэг.  Өглөгч хаан та манай хаанд Сүмбэр уул шиг алт, Сүн далай шиг сүү, газар дэлхийг бүрхэх хив торго өгөөч ээ хэмээдгийг үлгэрч хүүхдүүд андахгүй. 

Харин өнөөх өглөгч хаан аргаа барьж байхад харц ардын хүү сүмбэр алтыг хэмжих жин, сүн далайг хутгах шанага, газар дэлхийг бүрхэх хив торгыг хэмжих шугам өгөөч гэж хариу мад тавьснаар Азар, Базар, Тазар гурвыг шанаган хорхой, төөлүүр, энэ тэр болгодог.

     Удахгүй болох УИХ-ын сонгуулийн өмнө Эрдэнэт хотын улс төр, улс төрийн намуудын хувьд энэ үлгэр дүйж байна. Төрийн эрхийг дөрвөн жил  барихаар улс төрийн намуудаас нэр дэвшигчид Эрдэнэт хотыг онилж, сонгож Улаанбаатар, Эрдэнэтийн хооронд элэг бөөрөө доргитол, энэ тэр хараал ерөөлөө барагдтал гүйлдэх улс төрчдийн цуваа хөвөрч байна. Улс төрийн намуудаас нэр дэвшихээр горилж буй хүмүүсийг харвал доорх гурван эрхмийн дунд жинхэнэ гал гарсан тулаан өрнөж мэдэх учраас өнөө цагийн байдлыг дүгнэн эрт цагийн үлгэрийн баатруудаар төлөөлүүлэн зураглаж үзлээ.

Намуудын нэр дэвшигчид энэ сарын 15-16-нд албан ёсоор нэр нь тодорно. Дараа нь хууль дүрмэнд заасны дагуу энэ тэр шалгуур бол байна. Гэхдээ нэг их өөрчлөлт ороод байхгүй л болов уу. Эрх баригч МАН-аас Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж найм дахь удаагаа эрхэм гишүүн гэж дуудуулахаар Эрдэнэтийг зорих гэж байгаа тухай мэдээ сүүлийн үед их хөврөх болсон. Магадгүй, Эрдэнэт үйлдвэрийн хууль бус хувьчлал, Зориг агсны хэрэг энэ тэр гээд эрдэнэтчүүдэд  ярих хэлэх юм түүнд бий. Парламент дахь сөрөг хүчин болох АН-аас хуучин хэрнээ шинэ гишүүн гэгдээд байгаа УИХ-ын гишүүн О.Баасанхүү мөн л гурав дахь удаагаа төрийн эрх барих дээд байгууллагад сонгогдохоор ирнэ. Ирэх нь баараггүй болсон тухай дуулдана билээ. Дээр нь ард түмний дунд “Босоо Ганбаа” нэртэй болсон С.Ганбаатар Эрдэнэт ирээд нутагшчихсан, энд тэнд алхаж яваа харагдах болсон. Тэрбээр МАХН-аас нэр дэвших нь тодорхой. Яг энэ өнцгөөс нь харвал Эрдэнэтэд дээрх гурвын хооронд жинхэнэ гал гарсан тулаан болно. Яагаад гэвэл энэ удаагийн сонгууль томгосон тойргоор явагдах учраас яалт ч үгүй дээрх гурвын хувьд эрх ашиг нь хөндөгдөнө.

Эдүгээ 63 насны босгыг аль хэдийнэ алхсан Ц.Нямдорж сайд дахин дархлагдахаар зүтгэх бол О.Баасанхүү “Одоо АН л ард түмний авралын  зам байх болно. Би л үнэнийг ил тод хэлнэ” гэсээр, С.Ганбаатар “Би босоо төрсөн хүн, одоо эрдэнэтчүүд босоо байх цаг нь ирсэн” гэж ирээд л үзэж тарна. Намын мөрийн хөтөлбөрүүд нь өнөөх л орон сууц, нийгмийн даатгал, цалин орлого тойрсон сэдвийн хүрээнд өрнөнө. Эрдэнэтчүүдийн гэлтгүй өнөөгийн монголчуудын амьдрал орон сууц, нийгмийн даатгал, цалин орлого дээр бүхэлдээ төвлөрнө. Мөрийн хөтөлбөрөөс гадуур “би чи, худалч, хуумгай” дээрээ тулна.

УИХ-ын сонгуулийн тоглоомын дүрмээр нэр дэвшигчдийн тоглолт албан ёсоор 22 хоног Эрдэнэтийн хонхорт өрнөнө. Магадгүй зургаадугаар сарын 24-ний орой сонгуулийн дүн гарахад Ц.Нямдорж, О.Баасанхүү, С.Ганбаатар гурав ялжээ гэвэл нэг их гайхахгүй, иргэд. Гэхдээ ийм боломж 1000-д нэг л удаа тохиох болов уу. Гурвуулаа ч сураггүй байж мэдэж хувилбар бас бий. Яагаад гэвэл дээрх гурав маань ганцаараа ирэхгүй дахиад тус бүртээ 2, 2 хүнтэй баг болж ирнэ. Энэ удаад багийн тоглолт маш чухал. Энэ гурвын халз тулааны хойгуур өөр гурван хүн УИХ-ын гишүүн болох мандатыг Эрдэнэтийн сонгогчдоос авах боломж байгаа. Өнөөх үлгэрт гардаг Азар, Базар, Тазар гуравт харц ардын хүү мад тавьдаг шиг манай гурав өөр хоорондоо үзэлцсээр сонгогчдын олонхийн саналыг авахгүй хамтдаа мултарх тохиолдол ч гэж байж мэднэ. Үүнийг дан ганц сонгогчдын чин зориг мэдэхээс биш өнөөдрийн судалгаа, сураг төдий мөрийн хөтөлбөр шийдэхгүй л болов уу.             

Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)