Орхон аймаг гурван жил дараалан шилдгээр шалгарлаа
Мэдээ мэдээлэл 1 сарын өмнө     190    0

Монгол улсын Засгийн газраас 2019 оны ажил үйлсээрээ шалгарсан аймаг, орон нутгийг тодруулжээ. Орхон аймаг гурав дахь удаагаа шилдгээр шалгарч бусдыгаа магнайллаа. Шалгуур үзүүлэлт нь нийгэм эдийн засгийн үзүүлэлт, хууль тогтоомжийн хэрэгжилт, төрийн бодлого болон Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжүүлсэн байдлыг голлох галгуур үзүүлэлт болгосон байна. 

Ийнхүү манай аймаг 2017, 2018, 2019 он гээд 3 жил дараалан 11 үзүүлэлтээр 20 аймгаа итгэл төгс тэргүүлж шилдгээр шалгарч байна. Засгийн газраас 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил” болгон зарласан. Үүний дагуу аймгийн удирдлагууд бүх бодлого шийдвэр, хөрөнгө оруулалтаа боловсрол, эрүүл мэнд, төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэхэд чиглүүлжээ. Энэ ажлын хүрээнд өнгөрсөн онд шинэ цэцэрлэгийн барилга, төрийн үйлчилгээг хүргэх анхан шатны нэгж болох багт хүргэхийн тулд Багийн хөгжлийн төв байгуулах зэрэг чиглэлд голлон ажилласан зэргийг нь үнэлж ийнхүү шилдгээр шалгаруулсан байна.

Шагналыг Монгол улсын Засгийн газрын шадар сайд Ө.Энхтүвшин, Засгийн газрын ХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ нар гардуулсан юм. Энэ үеэр аймгийн Засаг дарга Д.Батлут “Орхон аймаг гурван жил дараалан шилдгээр шалгарсан нь эрдэнэтчүүд та бүхний Орхон аймгийн аж ахуйн нэгж, төр хувийн хэвшлийн бүхий л байгууллагын хамтын оролцооны үр шим байлаа. Эрдэнэтчүүддээ баярлалаа” хэмээн өгүүлжээ.