Сонгуулийн хэсгийн хороодыг 10-наас эхлэн байгуулна
Мэдээ мэдээлэл 2 сарын өмнө     255    1

УИХ-ын найм дахь удаагийн сонгууль зургаадугаар сарын 24-нд болно. УИХ-ын сонгуулийн шинэ хуулийн дагуу аймгуудыг 20, нийслэлийг 9 тойрог болгож, сонгуулийн 29 тойрог байгуулсан юм. Сонгуулийн хууль заасны дагуу энэ сарын 10-наас эхлэн хэсгийн хороодыг байгуулах ажээ.

УИХ-ын ээлжилт сонгуультай холбоотойгоор иргэд засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг хоёрдугаар сарын 1-ний өдрөөс зогсоосон. Шилжилт хөдөлгөөнийг санал хураалт болох өдрийн дараахь өдрөөс сэргээнэ. Тэгэхээр зургаадугаар сарын 25-наас эхэлнэ гэсэн үг юм.

Сонгогч нь сонгогчийн нэрийн жагсаалт дахь өөрийн болон гэр бүлийн гишүүдийн мэдээлэлтэй 2020 оны зургаадугаар сарын 10-наас өмнө танилцах эрхтэй. Хэрвээ мэдээлэл зөрүүтэй бүртгэгдсэн бол санал хураалт болох өдрөөс 14-өөс доошгүй хоногийн өмнө Бүртгэлийн төв байгууллагад өргөдөл гаргаж, шийдвэрлүүлнэ.

Улстөрийн намууд сонгуульд нэр дэвшүүлэх ажиллагааг санал авахаар тогтсон өдрөөс 45 хоногийн өмнө эхлүүлж, долоо хоногийн хугацаанд дуусгана. Өөрөөр хэлбэл нэр дэвшүүлэх ажиллагаа тавдугаар сарын.10-16-ныг дуустал явагдана.

Нэр дэвшигчид хөрөнгө орлогоо тавдугаар сарын 19-ний дотор АТГ-т мэдүүлнэ.

Нэр дэвшигчийн хөрөнгө орлогын мэдүүлгийг зургаадугаар сарын 2-ноос эхлэн нийтэд нээлттэй байршуулна.

Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчдийг тавдугаар сарын 26-наас өмнө бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэнэ.

Нэр дэвшигчийн үнэмлэхийг санал авах өдрөөс 22 хоногийн өмнө буюу зургаадугаар сарын 2-ны өдөр олгож, нийтэд мэдээлнэ.

Сонгуулийн сурталчилгааг зургаадугаар сарын 2-ноос эхлэн мөн сарын 23-ны 00.00 цагаас өмнө зогсооно.

Сонгуулийн санал хураалт явуулах өдрийг зургаадугаар сарын 24 нд товлосон. Энэ өдөр бүх нийтээр амрана.

УИХ-ын гишүүнээр сонгосонд тооцсон тухай шийдвэрийг сонгууль дууссан өдрөөс хойш 15 хоногийн дотор буюу 2020 оны долдугаар сарын 9-ний дотор гаргана.