МАН-ынхан Дэвшүүлэн дэвсэх тактикаар явах уу
Мэдээ мэдээлэл 21 өдрийн өмнө     339    1

Сонгуулийн энэ цагт эрх баригч МАН, сөрөг хүчин АН, гуравдагч хүчин бусад нам эвслээс ямар хүмүүс Орхон аймаг, Эрдэнэт хотод нэр дэвших бол гэж иргэд тааварлаж, ямар нэг намд харьяалагддаг эрхмүүдийн хувьд шууд л нэр цохож сууна. Энэ бол байдаг л үзэгдэл хэдий ч энэ удаагийн сонгуульд хамгийн чухал тооцоо, судалгаа болно. Намууд ч өөрсдийн хэмжээнд аймаг, орон нутагт нууцгайхан судалгаа хийгээд амжсан. Одоо ганцхан “Хууль дээдэлдэг” соёлтой эрхмүүд учраас Сонгуулийн тухай хуулийн дагуу гарсан сонгуулийн хуанлийг хараад суучихсан. Энэ удаад бид Орхон аймагт, Эрдэнэт хотод МАН-аас ямар хүмүүс нэр дэвших боломжтой талаар тоймлон хүргэе. 

Өнөөдрийн байдлаар МАН-аас Эрдэнэт хотод намын нарийн бичгийн дарга асан Ц.Бат-Энх, “Эрдэнэтийн бодлого, судалгааны хүрээлэн” ТББ-ын тэргүүн Б.Бат-Эрдэнэ, аймгийн Засаг дарга Д.Батлут, УИХ-ын гишүүн О.Содбилэг, Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч Б.Оюунгэрэл, “Хаан хүнс” компанийн захирал С.Оюунбилэг нарын нэр яригдаж байна. Ц.Бат-Энхийн хувьд түүнээс Эрдэнэт гэдэг нэрийг хасч бас хусч ойлгохын аргагүй. Өөрөөр хэлбэл, Цогтын Бат-Энх гэхээсээ илүүтэй Эрдэнэтийн Бат-Энх хэмээх нэрээр нь хүмүүс мэддэг. Тэр өөрийн гэсэн имиж, философи, араншинтай. Энэ талаас нь харвал түүний хувьд улс төрд “хатуу самар” хэвээр. Тэгээд ч өрсөлдөгчид болох АН-ынхан хүртэл түүнийг үнэлж хүндэлдэг. Энэ утгаараа сонгуульд АН-ынхнаас ч чамгүй их хэмжээний саналыг өөртөө итгэл төгс цуглуулж чадах цорын ганц эрхэм гэж болно.

Дараагийнх нь “ВВ” буюу Бат-Өлзийн Бат-Эрдэнэ. Яах аргагүй шинэ цагийн дүр төрх. Өнөөдөр бид Улаанбаатар орохын тулд Дархан хотын захаар дайрч гардаг. Тэгвэл өөр замаар 100 км хэмнээд улсын нийслэлд очмоор байна, боломж бол бий хэмээн хашхирсан хүн нь “ВВ”. Сэтгэлгээний хувьд нэлээн задгай, сонгуулийн Пи Ар талдаа өнөөдөртөө Эрдэнэтдээ л илүү гэж хэлэгдэнэ. Дээр нь түүний хувьд шинэ цагийн залуусын дуу хоолой ч гэж харж болно.

Аймгийн Засаг дарга Д.Батлут. Хамгийн сонирхолтой дүр төрх. “Би ирэх сонгуульд нэр дэвшихгүй” хэмээн амлаж байсан тэрбээр өнөөдөр намынхаа итгэл хүлээн дэвшихэд бэлэн яваа. Ямар ч хүнд боломжгүй, үгүй гэж хэлж чаддаггүй зан түүнийг багагүй  хэл аманд оруулдаг. Эр хүний хувьд мужик ч намын даргын хувьд тэрбээр хамгийн олон өрсөлдөгчтэй. Өнөөдөр түүний хувьд намын итгэл хүлээн нэр дэвшинэ гэж байгаа ч хамгийн бодитой нь түүнийг намынхан нь “Дэвшүүлэн дэвсэж” магадгүй. Өмнө нь дэвшүүлэн зайлуулах гэдэг ойлголт байсан бол одоо арай өөр болж. Түүнд нөхрөөс илүү өрсөлдөгч, дайсан олон бий. Нэг үгээр хэлбэл гэнэтийн энэ шийдвэр түүнийг нөхөр, дайсан хоёроо сайн ялгахгүй болгосон бүр зарим хүн түүнийг “Зөвхөн чи шүү” гээд хагас вакумд оруулаад байгаа.

УИХ-ын гишүүн О.Содбилэгийн хувьд сураг нь алдраад байсан бол одоо тэрбээр эх орондоо ч байхгүй алс холын Швейцарьт хөл хорионд байгаа дуулдана. Юун энэ удаагийн сонгууль. Өнөө маргаашгүй ирлээ ч хөл хорионд 28 хонох гэсээр байтал түүнтэй түүнгүй сонгууль эхэлнэ. Иймээс энэ удаад тэрбээр сонгуулийн өнжихөөс өөр аргагүй болсон бололтой. Ер нь түүний хувьд нэг хэсэг хугацаанд сонгогчидтойгоо уулзахгүй, тойрч зай барьсаар удсан. Үүнийгээ корона, хөл хорио энэ тэрээр тайлбарлах авч баргийн УИХ-ын гишүүнд ханиад, хатгаа ч олддоггүйг тооцох л хэрэгтэй. Гэтэл түүний нэг ангийн нөхөр болох УИХ-ын гишүүн О.Баасанхүү байнга л Эрдэнэтэд ирээстэй, иргэд сонгогчтой уулзаастай байгааг О.Содбилэгийн сонгогчид үнэндээ ойлгохгүй байгаа. Харин түүний оронд туслах нь байсхийгээд л Эрдэнэтэд ирчихсэн Баян-Өндөрийн Засаг даргыг баруун сугандаа “хавчуулчихсан” хувийн ажилтай, хувийн ажил хөөцөлдөөд хэмээн аймгийн ЗДТГ хавиар үзэгдэх болсон. Өөнтөгч нэгэнд бол Содбилэг, түүний туслах хоёрын хэн нь манай төлөөлөгч юм бол гэж гайхахад хүргээд байгаа.

МАН Эрдэнэтийн гурван мандатын нэгд нь эмэгтэй хүн илгээх болов уу гэж судлаачид гэлтгүй захын сонгогч таамаглаж байгаа. Яг 2016 оны УИХ-ын сонгуульд Д.Атармааг нэр дэвшүүлдэг шиг. Гэхдээ энэ нь тэдний хувьд жендерийг бодсондоо, эмэгтэйчүүдэд хайртайдаа биш зүгээр л 2:1 гэсэн хувилбараар өрсөлдөгчиддөө өгөөш өгсөн хэрэг. Энэ удаад тэд Б.Оюунгэрэл, С.Оюунбилэг гэсэн хоёр эмэгтэйгээс сонголт  хийх болов уу.  Монголын Эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч Б.Оюунгэрэлийн хувьд тэдний дуу хоолой, төлөөлөл нь байж болох хувилбөр мөн үү гэвэл тийм гэх хүн олон. Нөгөө талдаа УИХ-д эмэгтэйчүүдийн хүчтэй дуу хоолой хэрэгтэй, Эрдэнэтийн сонгогчдын хувьд яах аргагүй энэ цаг үед эмэгтэй нэр дэвшигчийг үгүйлж байгаа. Энэ мэтээс харвал Б.Оюунгэрэлийн одоогийн хашиж буй албан тушаал нь Монголын нийгэмд Сономын Удвал ахайтаны зангаргыг бага багаар үүсгэх суурь болох болов уу.

Нэр дэвшихээр горилогч С.Оюунбилэгийг иргэд “Хаан бууз”-ын эзэн гэж л мэдэх байх. Зарим сонгогчийн хувьд  2016 оны сонгуульд Хан-Уул дүүрэгт нэр дэвшээд унасан гэдгийг нь гадарлана. Бизнесмэн, гэр бүл, ах дүү нар нь Эрдэнэтийнх гэдгийг дуулсан болов уу. Гэхдээ л оройхон гараад ширүүхэн дарж байгаа нь энэ гээд энд тэнд арав алхаад, чи би хэн бэ гээд ч нэг их хол явахгүй л дээ.

Хамгийн сүүлд нь нэр дэвшигчдийн тоонд багтаж, сонгуулийн тоосонд булагдах сонирхолтой хүмүүсийн тоонд Ц.Нямдорж сайд, УИХ дахь МАН-ын Бүлгийн Ажлын албаны дарга Н.Энхтайван нарын  нэр дуулдаж байгаа гэнэ. Ц.Нямдоржийн  хувьд сонголт хийхэд үнэхээр хүнд байгаа болов уу. Эрдэнэтэд ирвэл УИХ-ын гишүүн О.Баасанхүүгээс эхлээд учраа бөхчүүд олон. Хамгийн сүүлд гэхэд Н.Номтойбаяр гишүүн Ц.Нямдорж сайдтай үнэний төлөө “сүүлчийн цамцаа урагдтал” тэмцэхийн тулд хаана нэр дэвшинэ тэнд нь бие даахаа Монгол даяар зарлачихсан. Энэ нь түүний хувьд маш хүнд цохилт. Иймээс түүний хувьд ийм насан дээрээ галзуу арслангийн аманд гараа хийх нь юу л бол.

Ирэх сонгуулийн өнгө МАН-ын хувьд Эрдэнэт хотод ийм дүр зурагтай байна.          

     

Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (1)