Дэвших эрхээ авах нь нэгийн давааны аманд бослоо гэсэн үг
Мэдээ мэдээлэл 15 өдрийн өмнө     191    1

                 Улс төрийн намууд Сонгуулийн тухай хуульд заасны дагуу өчигдөр буюу бямба гарагийн 24.00 цагаас өмнө нэр дэвшигчдээ тодруулах явдал байлаа. Нэр дэвшигчийг тодруулсан явцыг ажиглахад Улсын их баяр наадмын тавын давааны ам авах, тунаа, шөвгийн дөрвөн бөхийн таавар бол хажууд нь хүүхдийн тоглоом бололтой. Магадгүй цар тахлаас болж өнөө жил наадам хийхгүй өнжвөл /арай ч тийм муу юм болохгүй байлгүй/ намуудын нэр дэвшигчийг тодруулах ажиллагаа хойтон жилийн наадам хүртэл хот хөдөөгүй ярианы гол сэдэв байх болов уу. 

Нэр дэвшигчээр тодрох ч яахав. Бөхийн барилдааны нэгийн давааны аманд гарна гэсэн үг. Аманд гарна гэснээс манай аймагт Хууль зүйн сайд нь ам бөхөө сонгож аваад л. Араас нь цолны эрэмбээр УИХ-ын гишүүн сонгуулийн амаа аваад л. Түүний араас аймгийн Засаг дарга босч ам бөхөө сонгосон шигээ өнгөрлөө. Намууд хөшигний ард УИХ-д нэр дэвшихээр горилогчдоо тодруулахдаа нэг хэсгийг нь уйлуулан гомдоож, нөгөөг нь Бага хурлын ч гэнэ үү, Бодлогын хорооны ч гэнэ үү гишүүн энэ тэр гэсэн сэтэр зүүж байгаад зарлаж байна. Өнөөх л наадмын жишгээр ямар ч цол гуншингүй гуяа ганзгалаад зогсож байлтай биш адаглаад намын Бага хурлын гишүүн, ҮБХ-ны гишүүн гэсэн цол, чимэг зүүж байгаа нь тэр.

            Ингээд нэр дэвшигчид, тэр дундаа хоёр том намын нэр дэвшигчид тодорсноор бүх зүйл “ОК”  болж гарааны зурхайд хүрч шүгэлийн дуу сонсохыг хүлээнэ гэвэл бас биш. Намаасаа болон бие даан нэр дэвшигчид өнөөдрөөс эхлэн гурван үсэгтэй газарт ХОМ-ээ өгнө. Сүүлчийн хугацаа нь тавдугаар сарын 19-ний дотор байна. АТГ нь нэр дэвшигчийн ХОМ-ийн талаарх лавлагааг Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлнэ. Тавдугаар сарын 26-нд Сонгуулийн ерөнхий хороо Нэр дэвшигчийг бүртгэх эсэх асуудлыг эцэслэн шийдвэрлэнэ. Энэ бүхэн Сонгуулийн тухай хуулийн хуанли дээр бичигдсэн байна.

Дээр нь хууль, хяналтын байгууллагын шүүлтүүрийг давна. Үүний дараа нэр цэвэр, асуудалгүй гэж үзвэл сая нэр дэвшигчийн үнэмлэхээ авч, “УИХ-ын Сонгууль-2020” марафоны гараанаас гарч сурталчилгаандаа орно.

“Бадарчин баярлах болоогүй” гэж нэг үг бий. Зүгээр ч нэг бадарчингаар төлөөлүүлээгүй байх. Зургаадугаар сарын 2-ны мягмар гараг хүртэл зай ч байна, лай ч байна. Сүүлийн үеийн, шинэ цагийн бичээч нар хөл хөөрцөг болж  “Тэр тэнд нэр дэвшиж байна, энэ энд ирлээ” хэмээн дор бүрнээ дэвхцэж байгаа нь яг л хүүхэд хөлд орж байгаа мэт    санагдчихлаа. Өнөөдөр нэр дэвшигчид дөнгөж нэгийн давааны аманд гарч байна.

Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (1)