М.Түмэнжаргал дарга хэний сонгуулийн штабыг удирдах нь вэ
Хотын амьдрал 4 сарын өмнө     143    0

Хотын захирагчийн албаны дарга М.Түмэнжаргал цахимаар ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргалаа. Өнөөдрийн байдлаар  Засаг дарга Д.Батлут нийслэлд албан томилолттой байгаа. Манай аймгийн ЗДТГ-ын ажил “Е оффис” программаар явдаг. Уг нь Түмээ дарга ажил, албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргах бол дээрх программаар явах учиртай.

Нөгөө талдаа манай улсад хамгийн “бүдүүн дарга” бол өнөөдөртөө фэйсбүүк болчихсон. Фэйсбүүкэд хэлчихсэн байхад эрдэнэтчүүдэд төдийгүй монголчуудад хүрлээ л гэсэн үг. За энэ ч яахав, хамгийн гол нь М.Түмэнжаргал дарга хэний сонгуулийн штабт ажиллах гэж байна вэ гэдэг хамгийн сонирхолтой асуудал. Ардын намаас нэр дэвшиж байгаа Ц.Нямдорж, Д.Батлут, Б.Оюунгэрэл нар мэдээж тус тусдаа л штабтай байж таарна. Энэ удаагийн сонгуульд энэ 3 хүнээс 1 нь л гарвал их юм болно. Багаараа гарна гэвэл түүн шиг аз нь хаясан юм гэж байхгүй, эрдэнэтчүүдийн хувьд.

Өнөөдрийн байдлаар Д.Батлутын сонгуулийн штабын даргаар аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч, “Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ сүлжээ” компанийн орлогч захирал Д.Мөнхбат албан бусаар томилогдчихоод байгаа дуулдана. Нөгөө талдаа Ц.Нямдоржийн хувьд сонгуулийн штабаа М.Түмэнжаргалаар удирдуулахгүй болов уу. Ингэхлээр нэр дэвшигч Б.Оюунгэрэлээс өөр хүн харагдахгүй байгаа. Эсвэл Намын цагаан байшиндаа эзэн сууж Ерөнхийд нь дээрх 3 нэр дэвшигчийн штабуудыг зангидах юм болов уу. “Халуун зунаар саалиа хаяад үхдэг эхнэр гэж байдаг аа”  гэдэгчлэн энэ оны бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байх цагаар Хотын захирагчийн албаны дарга ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдөл гаргаж байгаа нь юуг хэлээд байна вэ.