Нэр дэвшигчдийг сэтгэцийн эмнэлэгт үзүүлье
Мэдээ мэдээлэл 14 өдрийн өмнө     472    1

                Орхон аймгийн 20 дугаар тойрогт УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн нэрс албан ёсоор  тодорчихлоо. Эрдэнэт хотын төлөө нойр хоолоо умартан хууль тогтоох засаглалд суух тэд маань АТГ, Сонгуулийн хороо зэрэг байгууллагад холбогдох баримт бичгээ өгөөд байна. Хариу гарахыг л хүлээж суугаа. Энэ хооронд нь Орхон аймагт нэр дэвшигчдийг Сэтгэцийн эмнэлэгт үзүүлж, эмчийн дүгнэлтийг албан ёсоор гаргуулж авцгаая.

Яагаад вэ гэвэл үү нэгдүгээрт, энэ олон нэр дэвшигчдээс 3 нь та биднийг төлөөлөн, төлөөллийн зарчмыг хэрэгжүүлэн эрдэнэтчүүдийн төлөө эрүүл мэндээ умартан ажиллах болно. Тиймээс эрдэнэтчүүд биднийг төлөөлж байгаа гурван эрхэм маань сэтгэцийн хувьд эрүүл саруул хүн байсан гэдгийг нь сонгогчид төдийгүй, ард түмэн ч мэдэж байг. Тэр дундаа гэр бүл нь “та бүхний төлөө миний хань ижил махарч зүтгэсээр байгаад сэтгэцийн ядаргаанд орчихож” хэмээн хэл ам гарахаас адаглаад сэргийлэх ёстой.

Хоёрдугаарт, УИХ-ын танхимд ширээний ард суучихаад тэд чинь бие биенээ элий балайгаар нь дуудаад, чи, би дээ тулдаг. Бүр цаашлаад сэтгэцийн эмнэлэг энэ тэрд үзүүл гэж ирээд л хашхирдаг биз дээ. Таны, миний, чиний сонгосон, төрд илгээсэн төлөөлөл болох УИХ-ын гишүүнийг маань нэг нөхөр элий балайгаар нь дуудаад байвал би яах вэ. Юу гэж ойлгох вэ. Эрдэнэтчүүд сэтгэцийн хувьд юмтай нөхрийг сонгочихсон гэж доромжлуулаад суух гэж үү. Харин түүний оронд манай гишүүн сэтгэцийн эмнэлэгт үзүүлсэн магадлагаа нь энэ байна, эмчийн дүгнэлт нь энэ гээд нөгөө нөхөртэй нэгийгээ үзэж нэхий дээлээ тайлалцах нь дээр биш үү. Улмаар гишүүнийхээ нэр төр, эрдэнэтчүүд нэр төрөө сэргээлгэж тэр нөхрөөс мөнгө нэхнэ. Хохирлоо барагдуулахад эмч, эмнэлгийн бичиг хамгийн түрүүнд хэрэгтэй. Дараа дараачийн нөхдүүдэд ч анхааруулга болно. УИХ-ын гишүүн танхимд сууж байхдаа хэлсэн үгнийхээ төлөө хариуцлага хүлээдэггүй гэж хэлээд манай гишүүнийг мангар, энэ тэр гээд байвал  миний дургуй үнэхээр хүрнэ. Миний сонгосон, манай гишүүнээр дамжуулаад тэр нөхөр намайг ч мангар, балай гээд байгаа биз дээ. Тиймээс манай аймгийн хувьд улс төрийн шийдвэрийн хувьд Анхдагч болж нэр дэвшигчдээ сэтгэцийн эмнэлэгт үзүүлж, эмчийн магадлагаа гаргуулдаг болвол яасан юм бэ. Дүгнэлт гаргах эмнэлэг, эмчийг хянах энэ тэр бол дараагийн асуудал. Би л лав өөрийн сонгосон гишүүнээ балай энэ тэрээр нь дуудуулах дургүй байна.

Энэ удаагийн УИХ-ын сонгуульд манай аймагт

  1. МАН-аас Ц.Нямдорж, Д.Батлут, Б.Оюунгэрэл
  2. АН-аас О.Баасанхүү, Ц.Батхуяг, Б.Оросоо
  3. Шинэ эвсэл”-ээс О.Батмөнх, Д.Мөнхтуяа, Д.Түмэнжаргал. /“Шинэ эвсэл”-д Шинэ нам, БНН, Үнэн ба зөв нам, МҮАН багтсан/
  4. “Зөв хүн электорат эвсэл”-ээс А.Ундрахтамир, С.Эрдэнэцэцэг, Б.Гантүшиг /Эвсэлд Хөдөлмөрийн үндэсний нам, Социал демократ нам, Зүй ёсны нам багтжээ/
  5. “Та бидний эвсэл”-ээс С.Ганбаатар, Б.Хэрлэн, П.Баттөр /Эвсэлд МАХН, ИЗНН, МУНН багтжээ/
  6. Бие даагчид Н.Алтанхуяг, В.Сумъяасүх, Р.Мягмардорж, М.Сарандаваа, Х.Бээжин, Б.Гантулга, Т.Хайрат, Э.Баярхүү, С.Номинчулуун гэсэн есөн хүн байна. Нийт  12 нам, эвслээс 24 хүн энэ удаагийн УИХ-ын сонгуульд нэр дэвшээд байна.

 

Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (1)