Орхон аймагт короновирусийн тохиолдол илрээгүй
Мэдээ мэдээлэл 1 сарын өмнө     126    0

“Орхон аймаг дахь “Медипас” эмнэлэгт өнөөдөр буюу долдугаар сарын 2-ны өдрийн 10 цагийн орчимд короновирусийн тохиолдол илэрсэн байж болзошгүй” гэсэн  мэдээлэл олон нийтийн цахим хуудсаар цацагдсан. Уг мэдээллийн дагуу Орхон аймгийн ОБГ-ын дарга, хурандаа Г.Ганбаатар, ЭМГ-ын мэргэжилтэн А.Баярхүү нар мэдээлэл хийлээ.

“Медипас” эмнэлэгт өнөөдөр 5-р сарын 28-нд ОХУ-аас ирсэн оюутан гэрийн тусгаарлалт нь дууссан ч халуурсан учраас ирж үзүүлсэн байна. Урьд өдөр нь  оюутан гэртээ хүйтэн усанд орсноос бие нь эвгүйрхэж, хоолой нь өвдөж халуурснаас тус эмнэлэгт хандсан. Эмнэлгийн зүгээс рентген зураг авахад, уушгинд нь суурь илэрсэн байна. Энэхүү өөрчлөлт нь гурван настай байхдаа өвчилсөн уушгины сорвижилт байсан гэж ЭМГ-ын мэргэжилтэн мэдээллээ.

Орхон аймгийн харьяат ОХУ-д сурч байсан энэ оюутан нь 5-р сарын 28-нд Алтанбулагийн боомтоор орж ирээд 21 хоног тусгаарлалтанд, 14 хоног гэрийн ажиглалтанд, нийтдээ 35 хоног буюу 6-р сарын 15 хүртэл гадагш гараагүй байна.

Энэ удаагийн олон нийтийг төөрөгдүүлсэн мэдээллийг түгээсэн иргэн болон аж ахуйн нэгжид хариуцлага тооцох хуулийн заалт үйлчлэх байх. “Медипас” эмнэлгийн хувьд ч цээжний рентген зурагнаас үндэслэн өөрийн байран дээр мананцар үүсгэх хэмжээний ариутгал хийснээс иргэдийг айдаст автуулах ташаа мэдээлэл гарахад хүргэсэн байх талтай.

Дээрх оюутнаас 35 хоногийн хугацаанд короновирус илрээгүй учир хурдавчилсан оношлуураар шинжилгээ дахин авах шаардлагагүй гэж албаны хүн ярьлаа. Орхон аймгийн хэмжээнд нийт 344 иргэнийг тусгаарлалтанд авсанаас дөрвөн иргэн нь манай аймгийн харьяат юм байна. Өнөөдрийн байдлаар Орхон аймагт 421 иргэн гэрийн ажиглалтанд, 20 иргэн тусгаарлалтанд байна.