Цагдаагийн алба хаагчид тангараг өргөлөө
Мэдээ мэдээлэл 1 сарын өмнө     151    0

А.Батбаяр даргатай Орхон аймаг дахь Цагдаагийн газрын “Алба хаагчдын тангараг өргөх ёслолын ажиллагаа” боллоо.

Эгнээндээ 300 гаруй мөрдэстнийг нэгтгэдэг тус байгууллага нь ажил үйлсээрээ аймагтаа хэд хэдэн удаа тэргүүлж, Цагдаагийн ерөнхий газрын даргын нэрэмжит шалгалт, жилийн ажил үйлсээрээ удаа дараа бусад аймаг, орон нутгийг тэргүүлсэн байна. Алба хаагчдын тангараг өргөх ёслолын үеэр тус газарт шинээр ажилд орсон цагдаа, энэ жил Цагдаагийн академийг дүүргэсэн офицер залуус тангарага өргөж төрийн цагдаа хэмээх албан ёсны нэрийг ард түмнээсээ хүртэх эрхтэй боллоо. Төрийн алтан соёмбот далбааныхаа өмнө “... шаардлагатай тохиолдолд ард түмнийхээ төлөө амиа ч зориулах”-аа тангараглаж буй шинэ алба хаагчид гарын үсэг зурж, тангарагийн бичгээ өвөртлөн “Монгол улсын төлөө зүтгэе” хэмээн тангараглахад тэдний ар гэр аав, ээж нар хамт байлцсан билээ.

Аймгийн Цагдаагийн газрынхан уг ёслолыг энгийн байдлаар зохион байгуулсангүй. Энэ үеэр тус байгууллагаас 2020 оны эхний зургаан сард хийж хэрэгжүүлсэн ажлын ололт амжилт, алдаа дутагдлын талаар ч дүгнэж цаашдын хэтийн төлөвөө ч ярилцсан  юм. Улсын хэмжээнд цар тахлын улмаас өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ цагт цагдаа нарын үүрэг, хариуцлага нэмэгдэж эх орон ард түмнийхээ төлөө, төрийнхөө өмнө өргөсөн тангарагтаа үнэнчээр ажиллаж байна.

Аймгийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа А.Батбаяр “Өнөөдөр та биднээс эх орон, иргэд олон зүйл шаардаагүй. Иргэдтэй харилцах харьцааны соёл, ёс зүйг өндөрт өргөж ажиллахыг хүсч байгаа. Би ч та бүхнээс ийм байдлыг хүснэ. Цагдаа хүн харилцааны ёс зүйг эрхэмлэх ёстой. Бидний зарим нь алдаа дутагдал  гаргасны улмаас арга хэмжээ авахуулахаас эхлээд ажлаасаа халагдсан ч бий. Төрийн нэрийн өмнөөс өмссөн цагдаа хувцсандаа эзэн байж, иргэдтэй соёлтой, хүнлэг, энэрэнгүй харьцах хэрэгтэй” гэсэн юм.

Ийнхүү аймгийн Цагдаагийн газрын 300 гаруй мөрдэстэн ёслолын жагсаал хийж, алтан соёмбот тугандаа ёсолж, 30 гаруй залуу эрдэнэтчүүдийн төлөө чин сэтгэлээр зүтгэхээ илэрхийлж тангараг өргөлөө.