​Т.Ням-Очир: ЕБС-иуд өдөрт 2 цаг 30 минутаар хичээллэнэ
Мэдээ мэдээлэл 3 сарын өмнө     147    0

БШУЯ-ны Ерөнхий боловсролын газрын дарга Т.Ням-Очиртой ярилцлаа.

-Удахгүй хичээлийн шинэ жил эхлэх гэж байна. Танхимаар хичээл орохдоо нэг ангид 20 сурагч байхаар төлөвлөж байгаа гэсэн. Тэгэхээр өдөрт орох ээлжийн тоо ихэснэ  гэсэн үг үү. Яг ямар зохицуулалт хийж байгаа вэ?

-Дэлхийн дахинд коронавирусээр өвчилсөн хүний тоо 20 сая давж, эрсдэлтэй хэвээр байна. Тийм учраас манай улс Өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг сунгах нь тодорхой байна. Бидэнд Өндөржүүлсэн бэлэн байдлын үед цэцэрлэг, сургууль, их дээд сургуулийг хичээллүүлэх тодорхой заавар, дүрэм журам, горим мөрдөх гарцаагүй шаардлага үүсэж байна. Хүүхдүүд нэг ангид 1-1,5 метрийн зайтай сууж, бөөгнөрөл үүсгэхгүй байхаар зохицуулалт хийсэн. Тэгэхээр хүүхэд 1-1,5 метрийн зайтай суугаад хичээллэхэд нэг ангид заавал 20-25 хүүхэд суухаар болж байгаа юм. Энэ жишгийг улс орон бүр хэрэгжүүлж байгаа. Нэг ангид суух хүүхдийн тоог багасгахаар ангиуд заавал хоёр хуваагдаж таарна. Тиймээс хичээллэх өдрийн тоог бууруулж, хичээлийн цагийн хугацааг богиносгож, сургалтын төлөвлөгөөнд багтсан бүх хичээлүүдэд тоон зохицуулалт хийж байгаа.

Тухайлбал, ЕБС-ийн 11 дүгээр анги батлагдсан сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөгөөр явахад долоо хоногийн таван өдөр, өдөрт 7 цаг хичээллэдэг. Өглөө 8 цагаас өдөр 13 цаг 30 минут хүртэл хичээллэдэг. Тэгэхээр өнөөдрийн энэ онцгой нөхцөл байдалд ангийг хоёр хувааж, эхний групп 08 цагаас 10 цаг 30 минут хүртэл хичээллэнэ. Дараагийн групп 11 цагаас 13 цаг 30 минут хүртэл хичээллэхээр зохицуулж байна. Хичээлийг багасгаж, цагийг багасгаснаар анги олон давхардах салаад байх асуудал гарахгүй. Олон цаг хичээллэдэг нэг ангийг л хоёр хувааж оруулж байгаа юм.

-Хичээл орох цаг багасгахаар хичээлийн агуулга өөрчлөгдөх байх?

-Үүнийг шийдэхийн тулд бид танхимын болон танхимын бус сургалтын хослуулж байгаа юм. Танхимын сургалтаар явсан хичээлийг ч теле хэлбэрээр гаргана, зайны сургалтаар явж байгаа хичээлийг ч теле хэлбэрээр гаргана.  Мөн хэвийн үйл ажиллагаанд шилжих хүртэл  хоцрогдолтой хүүхдүүдэд өмнөх агуулгыг бататгах агуулгаар явна. Тухайлбал, сая хоёр дугаар анги төгссөн хүүхдүүдэд гуравдугаар ангийн эхэн хэсэгт өмнөх үзсэн юмнуудыг нь бататгах хэлбэрээр орно. Энэ арга зүйн зөвлөмжийг Боловсролын хүрээлэнгээс гаргасан байгаа учраас есдүгээр сард ерөнхийдөө бататгах хичээлүүд үзнэ.

-Нэгдүгээр ангийн хүүхдүүдийн хувьд цахимаар хичээл үзээд сурахад хүнд шүү дээ. Тэгэхээр нэгдүгээр ангийнхны хувьд ямар зохицуулалт хийгдэх вэ?

-Нэгдүгээр ангийн хувьд бэлтгэл 40 цагийн хөтөлбөр явна. Өөрөөр хэлбэл, зурлага, гар зүгшрүүлэх хөтөлбөр эхний ээлжид явагдана. Ингээд дасан зохицсоны дараа үсэг, тоо үзэх юм.

-Цахимаар ямар ямар хичээлүүд орох вэ?

-Ерөнхийдөө бага ангийн төвшинд монгол хэл, математик дээрээ суурилаад явна. Харин бусад хичээлүүд болох хүн орчин, биеийн тамир, хөгжих гэх хичээлүүдийн агуулгыг бага ангийн багш интеграцлаад явах боломжтой. Цахим хичээл удирдаж байгаа завтай багш нар нь бага ангийн багш нартаа туслах хэлбэрээр хамтарч ажиллана.

Харин дунд болон ахлах ангийн хувьд монгол хэл, математикийн хичээлүүд дээр суурилаад байгалийн ухаан, хими, биологи, физик, түүх, нийгмийн ухаан, гадаад хэлний хичээлүүдийг орох цагийг багасгаж хоёр цаг ордог байсан бол нэг цаг оруулах зохицуулалт хийгдсэн. Үлдсэн агуулгыг цахимаар явуулна.

Хичээл судлах цаг багасаж байгаа учраас яг аль агуулга дээр тулгуурлаж явуулах вэ гэдэг нь арга зүйн зөвлөмж дээр гараад ирнэ. Үүнийг заах аргын нэгдлийн багш нар ярилцаад ямар хүүхдүүд аль хэсэг дээр хоцрогдолтой явж байна вэ гэдгийг нарийн тогтоож, орох гол агуулгаа сайн гаргаад явбал илүү сайн зохион байгуулалттай явагдах юм.

-АНУ-д хичээлийн эхний долоо хоногт багш, сурагчид амны хаалт зүүгээгүй улмаас коронавирусийн халдвар авсан байгаа. Тэгэхээр манайх ч гэсэн эрсдэлтэй шүү дээ. Ялангуяа бага ангийн хүүхдүүд амны хаалттай олон цаг сууж чадахгүй. Энэ асуудлыг хэрхэн зохицуулах вэ?

-Хичээллэх цагийг багасгаж байгаа нь энэ асуудалтай холбоотой. Мэдээж өглөө 08 цагаас өдрийн 13 цаг 30 минут хүртэл бага насны хүүхэд амны хаалттай сууна гэдэг бол маш хэцүү. Насанд хүрсэн хүний хувьд ч хэцүү шүү дээ. Тийм учраас танхимд суух хугацааг 2 цаг 30 минут болгож, 30 минут танхимд агаар сэлгэлтийг хийж байхаар зохицуулсан. Харин эцэг, эх хүүхдийнхээ бэлэн байдлыг маш өндөр төвшинд хангаж өгөх хэрэгтэй.

-Долоо хоногийн гурван өдөр нь танхимаар хичээл орно гэж байгаа. Тэгэхээр сургуулиудын төлбөр дээр өөрчлөлт орж багасах уу?

-Зөвлөмж дээр нэг чухал заалт бий. Ялангуяа хувийн хэвшлийн сургуулиуд дээр олж харж байх ёстой. Үндэсний хэмжээнд 158 хувийн хэвшлийн сургуулиуд байгаа. Ихэнх нь нийслэл Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байна. Улаанбаатар хотын хувийн хэвшлийн сургуулиудын ээлжийн копцентуудыг харахаар 0.6, анги дүүргэлт 19.9 хувьтай байдаг. Тэгэхээр 20-с дээш хүүхэдтэй нэг ээлжээр хичээллэж байгаа маш олон сургууль байгаа юм. Тиймээс эдгээр сургуулиуд эцэг, эхтэй хийж байгаа гэрээн дээрээ хичээллэх өдөр, хичээлийн тоо зэргийг оруулж төлбөрийг тооцож болох зохицуулалт байгаа учир үүнийг сайн оруулах хэрэгтэй. Ингэснээр төлбөрийг сар, улирлаар тооцож хийх боломжтой. Хамгийн гол нь хувийн хэвшлийн сургуулиудын гэрээн дээр зохицуулалт хийгдэнэ. Эцэг, эхчүүд гэрээ хийхдээ үүнийг сайн харах хэрэгтэй. Ингээд гэрээн дээрээ төлбөрийн асуудлыг сайн тусгаад хоёр талаас тохиролцоод явбал төр оролцох ямар ч шаардлага байхгүй.

-Ярилцсанд баярлалаа. 

Эх сурвалж: itoim.mn