Хөгжлийн бодлогынхон хөгөө чирч байна уу
Хотын амьдрал 1 сарын өмнө     105    0

           Улсын чанартай А1001 авто зам дагуу, шороо тоосон дунд Эрдэнэтийн ногоочид иргэддээ шинэхэн ургацын ногоо хүргэчих санаатай наранд халж, бороонд цохиулж, шороонд дарагдан энэ намрыг яасхийж барахаа мэдэхгүй дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэдэгчлэн амьдарч байна. 

Тэдний зарим нь Баян-Өндөр сумын удирдлагад хандан Эрдэнэтчүүдийн хүнсний хэрэгцээний шинэ ургацын ногоогоо наадмын талбайн павильонд худалдаалах санал гаргажээ. Баян-Өндөр сумын удирдлагууд ч боломжийн санал байна, эрүүл ахуй, мэргэжлийн хяналтын шаардлагыг нь хангавал арай дээр орчинд худалдаачин ч иргэн нь ч ажиллаж, үйлчлүүлж болох нь гээд аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэст ханджээ.

Гэтэл тус хэлтсийнхэн наадмын талбай бол “Соёл, амралтын хүрээлэн учраас ногоочид ногоо зарж болохгүй. Эрдэнэтчүүд тэндээс ногоо худалдан авч болохгүй гэж” хариу өгчээ. Энэ асуудлыг шийдэж өгөхийг сумын орлогч дарга Ц.Одгэрэл аймгийн Засаг даргын Бүрэн эрхийг хэрэгжүүлэгч С.Батжаргалаас албан ёсоор хүссэн юм. С.Батжаргал “ Энэ чинь боломжийн санал байна шүү дээ. Яагаад тэнд ногоо худалдаж болохгүй гэж, харин ч ногоочдын энэ саналыг дэмжих хэрэгтэй. Наадмын талбайн павильонд Мэргэжлийн хяналтын тавьж буй шаардлага, Хот тохижуулах газрын шаардлага, сумын зүгээс гаргаж байгаа шаардлагыг иргэдээ танилцуулаад ногоочидтой гэрээ байгуулаад зохион байгуулах хэрэгтэй. Шаардлагыг биелүүлэхгүй байгаа иргэнтэй хариуцлага тооцож болно. Түүнээс биш ганц нэгийн зэрэг иргэний буруутай үйл ажиллагаанаас үүдсэн асуудлыг бусдад нь нялзааж, хааж, хорьж асуудлыг шийдэхгүй шүү. Нэг иргэний буруугаас нийтээрээ хохирч болохгүй ээ. Ийм байлгахгүй шүү. Бие засах газрын асуудлыг нь шийдчих. Баян-Өндөр сумынхан төсөл хөтөлбөрт хамруулах уу тэр киоск, саравч энэ тэрийг нь арай үзэмжтэй, өөр болгох хэрэгтэй. Өөр аймаг, хот руу ороход энэ асуудлыг арай өөрөөр шийдсэн байдаг шүү. Улирлын чанартай ажил хийдэг, өөрөө өөрийгөө аваад явдаг иргэдээ бусад орон нутаг яаж дэмжиж байгааг бид харж байна. Энэ талаас нь асуудалд хандах хэрэгтэй. Бүхэл бүтэн Эрдэнэт хот үүний цаанаа харагдаж байгаа. Хөгжлийн бодлогын хэлтэс үүн дээр анхаарч ногоочдын саналыг дагуу шийд. Болохгүй юм гэж ерөөс алга. Болж л таараа. Автомашины зогсоолыг эхнээс нь зөв, аятайхан зохион байгуулаад өгчих хэрэгтэй” гэж үүрэгдлээ.

Харин Хөгжлийн бодлогын хэлтсийнхэн асуудлыг шийдэх гэсээр энэ намрын ажил дуусч ичээндээ орох уу, Бүрэн эрх хэрэгжүүлэгчийн үүрэг даалгавар хэрхэн хэрэгжих үү гэдгийг иргэд хүлээж байна. Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийнхэн ч гэлтгүй төр аливаа асуудалд маш их тээг саад учруулдаг, хориг тавьдаг байдал Эрдэнэтийн хөгжлийг гацааж байгаа. Адаглаад л шороо тоосон дунд нэг нь ногоо худалддаг, нөгөө нь худалдан авдаг энэ байдлаас салах цаг үнэхээр болсон. Энэ мэт асуудлыг шийдэж чадахгүй энэ төр, засгийг ирэх орон нутгийн сонгуулиар алга урвуулахын дайны солих  чадал уг нь Эрдэнэтийн сонгогчдод бий л дээ.