Ээлжит шуурхайгаар балансын хуралд өндөр үнэлгээ авсан цехүүдийг танилцуулав
Уул уурхай 1 сарын өмнө     57    0

    “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдлагуудын даваа гаригийн ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо.  Шуурхай зөвлөгөөний эхэнд уламжлал ёсоор ХАБЭА-н хэлтсээс мэдээлэл хийж, өнгөрсөн долоо хоногт Эрдэнэт үйлдвэр хөдөлмөрийн аюулгүй байдлын зөрчилгүй ажилласныг орлогч дарга Б.Баттайван танилцуулав. 

Мөн тус хэлтсээс үйлдвэрийн хэмжээнд ХАБ хариуцсан  ажилтнуудын дунд сарын зөвлөгөөнийг зохион байгуулж, оны эхний  7 сард хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар хэрхэн ажилласныг дүгнэж, хэлэлцсэн байна. Зөвлөгөөнөөр цаашид ямар асуудалд анхаарч, ажиллах зорилтоо дэвшүүлжээ. Эрдэнэт үйлдвэрийн үйлдвэрлэлийн ажил хэвийн, сарын эхний 10 хоногийн байдлаар төлөвлөгөөт үзүүлэлт биелж байгааг Үйлдвэрлэлийн хэлтсээс мэдээлж, Баяжуулах үйлдвэр, Ил уурхай, Авто тээврийн цех, Засвар механикийн завод зэрэг үндсэн болон туслах цехүүдийн удирдлага долоо хоногийн ажлаа товч танилцуулав.  

 

      Цаг үеийн мэдээллийн дараа Үйлдвэрийн бодлогын газрын дарга П.Батболор өнгөрөгч 7 хоногт хуралдсан Эрдэнэт үйлдвэрийн оны эхний хагас жилийн үйлдвэрлэл, эдийн засаг, үйл ажиллагааны үр дүнгийн хуралд нийт цехүүд амжилттай оролцсоныг онцолж, өндөр үнэлгээ авсан цехүүдийг нэрлэсэн. Баяжуулах үйлдвэрийн хамт олон 2020 оны эхний хагас жилийн ажлын үр дүнгээ  хамгийн өндөр буюу 95.93 хувийн үнэлгээтэй хамгаалсан бол Ил уурхай 93.89 хувь, Цахилгаан цех 93 хувиар тус тус үнэлүүлж, эхний гуравт жагссан байна. Нийгмийн цехүүдээс  Аж ахуй, үйлчилгээний цех  93.84 хувь, “Эрдэнэт цогцолбор” дээд сургууль 91.19 хувиар үнэлүүлж,  оны эхний хагас жилийн ажлын үйл ажиллагаандаа “хангалттай сайн” гэсэн дүн авчээ. Балансын хурлын явцаас ажиглахад цех бүрийн ажлын үзүүлэлт сайн байгаа хэдий ч төлөвлөгөөний биелэлт, үйл ажиллагаагаа танилцуулахдаа удирдлага болон холбогдох ажилтнууд сайн бэлдэж, тодорхой, ойлгомжтой, цэгцтэй байдлыг цаашид анхаарч байх нь чухал гэдгийг Үйлдвэрийн бодлогын газрын дарга онцлов. Тэрээр шуурхай зөвлөгөөний төгсгөлд цех нэгжүүд төлөвлөгөөт ажлуудаа цаг тухайд нь гүйцэтгэж, хөдөлмөрийн аюулгүй байдлыг ханган хариуцлагатай ажиллахыг чиглэл болголоо.

М.Балжинням

Фото Б.Ялалт

Эх сурвалж:”Erdenettoday.mn