Санхүүгийн зохицуулах хорооноос 2020 оны хагас жилийн тоймыг танилцууллаа.
Нийгэм, Улс төр 1 сарын өмнө     54    0

Санхүүгийн зохицуулах хорооноос 2020 оны хагас жилийн тоймыг өнөөдөр /2020.08.14/ танилцууллаа.

Санхүүгийн зохицуулах хороо нь зохицуулалт хяналтынхаа чиг үүргийн хүрээнд 2020 оны хагас жилийн байдлаар нийт 2854 зохицуулалттай этгээдийн үйл ажиллагаанд хяналт тавин ажиллажээ.

Зохицуулалттай этгээдүүдийг салбарын ангиллаар харвал,

  • Үнэт цаасны зах зээлд бүртгэлтэй 304 ХК, 222 мэргэжлийн оролцогчид
  • Даатгалын зах зээлд нийт 143 даатгалын компани, мэргэжлийн оролцогчид, 542 банк бус санхүүгийн байгууллага, 256 хадгаламж зээлийн хоршоо, 103 үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллага
  • Үнэт мателл, үнэт чулууны арилжаа эрхлэгч 275 хувь хүн, хуулийн этгээд, тэдгээрийн 1009 салбар тус тус үйл ажиллагаа явуулж байна.

Хөрөнгийн зах зээл: 2020 оны эхний хагас жилийн байдлаар хөрөнгийн зах зээлд 304 хувьцаат компани бүртгэлтэй байгаа бөгөөд 53 үнэт цаасны компани Хорооноос олгосон тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулж байна. Коронавирусын нөлөөллийн улмаас хөрөнгийн зах зээлийн голлох үзүүлэлтүүд буурсан байна. Тухайлбал, зах зээлийн үнэлгээ өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 3.9 хувиар буурч, 2,503.5 тэрбум төгрөгт хүрч, 2019 оны жилийн эцсийн ДНБ-ий дүнд харьцуулахад 6.8 хувьтай тэнцэж байна. Түүнчлэн ТОП-20 индекс өмнөх оны мөн үеийн байдлаас 4577 нэгжээр буурч 16208 хүрсэн.

2020 оны хоёрдугаар улиралд нийт 29.1 тэрбум төгрөгийн үнэт цаас зах зээлд арилжаалагдсан нь өмнөх оны мөн үеэс 67.8 хувиар буурсан байна. Нийт арилжааны(2 хувийг Засгийн газрын үнэт) цаас, 17.2 хувийг компанийн бонд, 80.8 хувийг хувьцаа тус тус эзэлж байна.

Түүнчлэн энэ оны эхний хагас жилийн байдлаар Хөдөө аж ахуйн биржийн борлуулалт өмнөх оны мөн үеэс 69 хувиар буурч 4 төрлийн 162.1 тэрбум төгрөгийн бараа бүтээгдэхүүн арилжаалагдсан байна.

Даатгалын зах зээл: Даатгалын салбарын хувьд нийт хөрөнгийн хэмжээ өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 1.3 хувиар өсөж 359.2 тэрбум төгрөгт хүрсэн.  Коронавирусын нөлөөлөл мөн даатгалын салбарт ч сөрөг нөлөө үзүүллээ. Тухайлбал, ердийн болон урт хугацааны даатгалын нийт хураамжийн орлого өмнөх оны мөн үеэс 8.5 хувиар буурч 94.8 тэрбум төгрөгт, давхар даатгалын хураамж өмнөх оны мөн үеэс 26.5 хувиар буурч 24.8 тэрбум төгрөгт хүрч, даатгалын салбарын гол үзүүлэлт болох гүнзгийрэлт 0.07 пунктээр буурч 0.57 хувьтай байна. Тайлант улиралд өмнөх оны мөн үеэс даатгалын бүтээгдэхүүний тоо 32-оор нэмэгдсэн хэдий ч хамрагдсан даатгалын зүйлийн тоо 7.5 хувиар буурчээ.

Банк бус санхүүгийн байгууллага: 2020 оны эхний хагас жилийн байдлаар нийт 542 банк бус санхүүгийн байгууллага үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд тэдгээрийн нийт хөрөнгийн хэмжээ 1.9 их наяд төгрөг хүрч, өмнөх оны мөн үеэс 21.5 хувиар өслөө. Банк бус санхүүгийн байгууллагуудын зээлийн нийт үлдэгдэл өмнөх оны мөн үеэс 19.2 хувиар өсөж, 1.3 их наяд төгрөгт хүрсэн. Нийт зээлийн үлдэгдлийн 84.2 хувийг иргэдийн зээл, 15.8 хувийг хуулийн этгээдийн зээлийн үлдэгдэл бүрдүүлж байна. Зээлийг чанараар ангилахад 86.5 хувийг хэвийн зээл, 4.8 хувийг хугацаа хэтэрсэн зээл, 8.7 хувийг чанаргүй зээл тус тус эзэлж байна.

Мөн салбарын зээлийн нийлүүлэлт нэмэгдсэнтэй холбоотойгоор банк бус санхүүгийн байгууллагуудын зээлийн үйлчилгээний хүртээмж сайжирсан бөгөөд салбарын зээлдэгчдийн тоо өмнөх оны мөн үеэс 1.2 дахин нэмэгдэж 445.9 мянгад хүрсэн бол нийт харилцагчдын тоо 2.8 саяд хүрсэн дүнтэй.

Хадгаламж, зээлийн хоршоо: 2020 оны эхний хагас жилийн байдлаар ХЗХ-дын тоо өмнөх оны м&н үеэс 6.9 хувиар буурч 256-д хүрсэн бөгөөд 72230 гишүүддээ санхүүгийн үйлчилгээ үзүүлсэн байна. ХЗХ-дын нийт хөрөнгө өмнөх оны мөн үеэс 11.4 хувиар өсөж 234.4 тэрбум төгрөгт хүрсэн бол хадгаламжийн хэмжээ 163.4 тэрбум төгрөг буюу 69.7 хувийг эзэлж байна.

Нийт зээлийн үлдэгдэл өмнөх оны мөн үеэс 5.5 хувиар өсөж 165.1 тэрбум төгрөгт хүрснээс 92.6 хувийг хэвийн зээл, 3.1 хувийг хугацаа хэтэрсэн зээл, 4.3 хувийг чанаргүй зээл эзэлж байна. Нийт олгосон зээлийн 81.6 хувь нь хэрэглээнд, 6.3 хувь нь бизнесийн үйл ажиллагаанд, 4.0 хувь нь хөдөө аж ахуйн салбарт олгогджээ. ХЗХ-дын хувьд гишүүдийн мөнгөн хадгаламжийн сарын жигнэсэн дундаж хүү 1.5 хувьтай, зээлийн хүү 2.9 хувьтай байна.

Үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллага: 2020 оны хоёрдугаар улирлын байдлаар 103 хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгоод байна. 2020 оны зургадугаар сард тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээдүүд 399 хэлцэл, гэрээгээр нийт 49.2 тэрбум төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгийг зуучлан худалдан, худалдан авч шилжүүлсэн бол 185 хэлцэл, гэрээгээр нийт 32 тэрбум төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгийг түрээслүүлжээ.

Үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 8 хуулийн этгээд, 267 иргэнд олгосон бөгөөд 2020 оны 6 дугаар сард 125.4 тэрбум төгрөгийн үнэт металлыг худалдаж, 109.8 тэрбум төгрөгийн үнэт металлыг худалдан авчээ.

Тойм танилцуулгын дараа сэтгүүлчид 1072 хувьцааны ногдол ашиг иргэдэд хэзээ олгогдох  талаар тодруулсан юм.

 

СЗХ-ны үнэт цаасны газрын дарга С.Цэрэндаш "Компанийн ТУЗ-ын зүгээс ногдол ашиг тараах шийдвэр Компанийн тухай хуулийн хүрээнд гарсан. Санхүүгийн зохицуулах хорооноос гаргасан шийдвэрийн дагуу энэхүү ногдол ашиг нь Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөр /ҮЦТХТ/ дамжуулж тараагдана. ҮЦТХТ ногдол ашгийг тараах бэлтгэл ажлыг ханган ажиллаж байгаа. 2.5 сая иргэнд ногдол ашиг нэг дор тараана гэдэг бол маш онцгой кейс учраас нэлээд бэлтгэл ажил хийгдэх шаардлагатай байсан. Одоо бол бэлтгэл ажлаа бүрэн хангасан гэж хэлж болно. Эхний ээлжид үнэт цаасны данс нээлгэсэн иргэдийн үнэт цаасны дансаар нь ногдол ашгийг нь тараана. Үүнд нэг сая гаруй иргэдийн дансыг банктай тулган, баталгаажуулалт хийгээд ногдол ашиг тараахад бэлэн болчихсон. Цаана нь үлдэх иргэдийн ногдол ашгийг Е-баримт авдаг дансаар нь дамжуулна.  0-18 настай хүүхэд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ногдол ашгийн мөнгийг халамжийн мөнгө авдаг дансаар нь дамжуулан тараах бэлтгэл ажлыг хийж байна. ҮЦТХТ-өөс дээрх байгууллагуудтай хамтын ажиллагааны гэрээ, программын хөгжүүлэлт хийгээд тараагдахад бэлэн болчихсон. Компанийн тухай хуулиар ногдол ашиг тараах шийдвэрийг тухайн компанийн ТУЗ-аас гаргадаг. Харин хэрэгжүүлэх ажлыг нь гүйцэтгэх удирдлага хэрэгжүүлнэ. Ногдол ашиг тараах бэлтгэл ажлыг хангасан учраас ТУЗ-ийн шийдвэрийг хэзээ хэрэгжүүлэх үү гэдгийг Эрдэнэс тавантолгой ХК-ийн гүйцэтгэх удирдлагуудаас тодруулах нь хэрэгтэй.

 

СЗХ-ны Ажлын албаны дарга Т.Жамбаажамц: "Хөрөнгийн зах зээл дээр өмнө нь нэг жилд ногдол ашиг хуваарилж байсан компаниуд 100 гаруй тэрбум төгрөгийн ногдол ашгийн мөнгө тарааж байсан тохиолдол манайд байхгүй. Үндсэндээ Эрдэнэс Тавантолгой ХК 178 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилна. Үнэт цаас гаргагч компанийн ТУЗ-ийн шийдвэр гарчихсан. Мөн үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвтэй гэрээ нь хийгдчихсэн. Гэрээний дагуу үе шаттайгаар Эрдэнэс Тавантолгой ХК-аас мөнгө нь шилжиж байгаа ба одоогоор 100 орчим тэрбум төгрөгийн ногдол ашгийн төлбөрөө Сангийн яаман дахь холбогдох дансууд руу шилжүүлсэн гэж ойлгож байна. Үлдсэн 78 тэрбум төгрөгийг Эрдэнэс Тавантолгой ХК ойрын хугацаанд нөхөж шилжүүлсний дараагаар ногдол ашиг иргэн болгонд хүрнэ. Ногдол ашиг тараах явц нь бэлтгэл ажил нэлээд шаардагддаг онцлоготой, системийн ажил. Нэгэнт ногдол ашиг тараана гэж шийдвэр нь гарчихсан учраас холбогдох дансанд мөнгө байршуулагдснаар тараагдах байх" гэлээ.

 

ФАТФ-ын Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай орнуудын жагсаалтаас хэзээ гарах талаар тодруулахад,  СЗХ-ны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын дарга Б.Долгорсүрэн: 

Саарал жагсаалтаас гарах ажлын хүрээнд Санхүүгийн зохицуулах хорооноос холбогдох хууль эрхзүйн зохицуулалтуудыг хийсэн. 2020 оны нэгдүгээр сард УИХ-аар Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд, иргэдийг өмнө нь 3 сая төгрөгөөр торгодог байсныг нэмэгдүүлсэн. Хуулийн өөрчлөлтөөр иргэнийг 4 сая төгрөгөөр, хуулийн этгээдийг 40 сая төгрөгөөр торгоно. Төрөөс санхүүгийн салбарыг харьцангүй сайн зохицуулсан ч гэлээ зарим нэг орхигдсон асуудлуудыг  мөн шийдвэрлэж чадсан. 2019 оны аравдугаар сард УИХ-аар Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхтэй тэмцэх тухай хуулийг баталснаар төрийн зохицуулалтад ороогүй байсан үл хөдлөх хөрөнгө болон алт үнэт металын салбарын зохицуулалтыг СЗХ-нд хариуцуулсан. Энэ хүрээнд хорооноос эрхзүйн зохицуулалтыг өнгөрөгч нэгдүгээр сард хийж дуусгалаа. Энэхүү ажлын үр дүнгээ бид хоёр удаа олон улсын байгууллагуудад тайлагнасан. Энэ оны зургадугаар сарын 22-нд тайлангийн эцсийн хамгаалалтаа хийснээр Монгол Улс саарал жагсаалтаас гарах нөхцөлийг бүрдүүлсэн. Ирэх есдүгээр сард олон улсын байгууллагын шинжээчид манай улсад ирж хийсэн ажлуудтай бодитоор нь танилцана.

Эх сурвалж:”news.mn”