Энэ замыг засах мөнгө манай аймагт байдаггүй
Хотын амьдрал 11 өдрийн өмнө     151    0

           Ардчилсан Засаг нь ч тэр, Ардын засаг нь ч тэр манай аймагт төр барьж байсан удаатай. Ямар ч байсан сүүлийн найман жилд АН, МАН хоёр ээлжлэн эрх барьж эрдэнэтчүүдийн төлөө морь нохой мэт зүтгэж байгаа энэ цагт тавдугаар микрийн 23, 24 дүгээр байр луу ордог энэ зам нэг л өөдөлсөнгүй. Борооны улиралд багахан хэмжээний шалбааган далай тогтоно. Бороогүй үед онхол донхол нүх л харагдана.

Аймаг, орон нутгийн хөрөнгөөр дарга нар зам засварын болоод нөхөөсний их олон ажил хийдэг. Гэтэл бүтэн найман жилийн хугацаанд энэ замыг засчих сэтгэлтэй дарга нар байсангүй. Манай ахмад жолооч нар ярьдаг, Булганы Дашмэргэний хөтлийн 33 нугачаа гэж алдартай зам байлаа. Одоо Эрдэнэтэд түүнээс ч долоон дор нэгэн нугачаа хотын төвд тавдугаар хороололд амь бөхтэй оршсоор л байна. Үүнийг янзлах мөнгө манай аймагт байхгүй л гэж битгий хэлээрэй. Нийтдээ 20-30 мерт энэ зам, нүхийг янзлах сэтгэлтэй дарга даамал л гэж харин манай аймагт байдаггүй бололтой.

Энэ хорооллын дээрх хоёр байрны иргэд үүндээ бүр дасчихсан. Нэг сайхан нартай өдөр хийх л байх даа гээд л хүлээгээд байдаг. Нэг мэдэхэд л найман жил өнгөрсөн байгааг тэд мэддэг болов уу. Аягүй бол ирэх сонгуулиар энэ жаахан замаар улс төр хийнэ дээ. “Би аймгийн ИТХ-д гарчихвал засна, үгүй би яг хийх гэж байтал сонгууль болчихлоо” гээд л авч өгнө. Хэн хэн нь аймгийн ИТХ-д гарангуутаа мартана. Ийм л дүр зурагтай явж иржээ, бид.