375 саяын төсөвтэй ажил хоёр жил болсон ч эхлээгүй байна
Нийгэм, Улс төр 11 өдрийн өмнө     177    0

            Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хөрөнгө оуруулалтын ажлын явцтай танилцсан.

Аймгийн хэмжээнд хийгдэж буй ажил болоод, он дамжсан ажлуудын явцын талаар хяналт тавьж байгаа мэргэжлийн байгууллагаас нь мэдээлэл хийсэн юм.

Энэ үеэр чихэндээ ч итгэмгүй зүйл олж сонслоо. Тухайлбал, “Олз мандал” компани 2019 онд аймаг, орон нутагт үерийн далангийн ажил барихаар 375 сая төгрөгийн төсөвтэй ажил авчээ. Гэтэл тэд өнөөг хүртэл ажлаа эхлүүлээгүй байгаа. Энэ талаар Хот байгуулалт, барилга захиалагчийн албаны инженер тайлбар хийхдээ “Олз мандал компани  өнгөрсөн онд Булаг багийн ӨЭМТ, Үерийн далан хамгаалалтын суваг татах ажил авсан. Өрхийн эрүүл мэндийн төвийн ажил нь овоо явж байсан. Үерийн суваг, шуудуу татах 375 сая төгрөгийн ажлыг одоо болтол эхлүүлээгүй. Энэ компани өнөө жил нэмээд хоёр барилгын ажил авсан. Ажиллах хүч дутуу учраас ажил нь хойшлоод байгаа. Нэгийгээ дуусгаж байгаад дараагийн ажлаа эхлүүлдэг” хэмээн мэдэгдсэн. Үүнийг сонссон аймгйин ИТХ-ын Тэргүүлэгчдийн дарга П.Пүрэвлхагва “ Энэ юу гэсэн үг вэ, арай дэндэж байна. Хурлын төлөөлөгчид төсөв, хөрөнгө мөнгөө хуваарилах, хуваах гэж үйлээ үздэг. Энд ч хүртээх, тэнд ч амсуулчих гэж хичээдэг. Гэтэл тэнд бүтэн жил ажил хийгээгүй, 375 сая төгрөг нь үхмэл байдаг. Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд сая хөрөнгө мөнгө шаардлагатай газар олон байна. Энэ 375 сая төгрөгийг эргэж харъя. Хоёр жил болоход ажил нь эхлээгүй он дамжаад явж байгааг юу гэж ойлгох вэ” гэсэн юм.

2020 оны хөрөнгө оруулалтын ажлын явцаас харахад есдүгээр сарын эхний өдрийн байдлаар дээрх нэр бүхий ажлуудаас гадна “Греен ресурс констракшн” компанийн Зэст багийн байр барих ажил долоодугаар сарын 9-нд гэрээ байгуулсан ч одоо болтол эхлээгүй. “Арц суварга” компанийн Дэнж-Эрдэнэ багийн зам засварын ажил эхлэл төдий байгаа хэмээн мэдээлсэн. Түүнээс хойш багагүй хугацаа өнгөрч зам засварын ажил бага ч гэсэн хийгдэж байгаа ажээ.