Загвар төв байгуулжээ
Хотын амьдрал 1 сарын өмнө     49    0

Орхон аймгийн хөдөлмөр халамж үйлчилгээний газарт “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний загвар төв” байгуулагдаж өнөөдөр нээлтээ хийлээ.

Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр Германы GFA компанийн хэрэгжүүлж буй Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл Монгол улсад 15 аймаг 4 дүүрэгт хэрэгжиж байна. Энэхүү төслийн хүрээнд залуучуудын хөгжлийн загвар төв Орхон аймгийн Хөдөлмөр Халамж Үйлчилгээний Газарт байгуулагдлаа.

   Загвар төвийн нээлтийн үйл ажиллагаанд Орхон аймгийн Засаг даргын орлогч С.Батжаргал, А.Түвшинжаргал, Баян-Өндөр сумын Засаг дарга С.Ганцогт, ХХҮГ-ын дарга Х.Эрдэнэбат, ХХҮГ-ын дэд дарга Д.Нэргүй нар оролцлоо. Мөн Орхон аймгийн  МСҮТ-ийн оюутан залуус ирж төвийн үйл ажиллагаатай танилцлаа. 

       Тус төв нь хөдөлмөрийн зах зээлд  хөл тавьж буй 15-34 насны залуучууд, их дээд сургууль, мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, коллежийн оюутнууд, ажлын бага туршлагатай залуучуудыг идэвхжүүлэх зорилготой юм. Мөн залуучуудыг ажил идэвхтэй хайж олоход дэмжлэг үзүүлэх, ажил хайгч бүрийн онцлогт тохируулан хөдөлмөр эрхлэлтийн хувийн төлөвлөгөө гаргах, бүлгийн сургалт, үйл ажиллагаанд хамруулах боломжтой. 

      Түүнчлэн залуусын хөдөлмөр эрхлэх чадварыг үнэлэх, хамтын ажиллагааг дэмжих, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт нийлүүлэлтийн судалгаа хийх, залуучуудын гарааны бизнесийг дэмжих үйлчилгээг үзүүлэх юм. 2019 онд  хийгдсэн хөдөлмөрийн зах зээлийн судалгаагаар хөдөлмөрийн насны ажил хайгч иргэдийн 18 хувь нь залуучууд байна гэсэн тоо баримт гарсан байдаг.  Орхон аймгийн ХХҮГ-т хөдөлмөрийн зах зээлд бүртгэлтэй 1300 орчим хүн байдаг бөгөөд 36 хувь нь 15-34 насны залуучууд байгаа юм. Залуучуудын ажилгүй байгаа гол шалтгааны нэг нь ажил олгогчоос ажлын байрны туршлага гэдэг зүйлийг шаарддаг гэсэн судалгаа байгааг албаны хүн хэлж байлаа.