Өвөлжилтийн бэлтгэл ажлаа хугацаанд нь чанартай хийж, дуусгах үүрэг өглөө
Уул уурхай 1 сарын өмнө     36    0

   Эрдэнэт үйлдвэрийн удирдлагуудын даваа гаригийн ээлжит шуурхай зөвлөгөөн өргөтгөсөн байдлаар хуралдаж, Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.Батмөнх удирдав. 

Улсын онцгой комиссын шийдвэрээр “Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх өндөржүүлсэн бэлэн байдлын горим 10 дугаар сарын 31-нийг хүртэл үргэлжлэх ч үйлдвэрийн хэмжээнд төлөвлөсөн зарим үйл ажиллагааг зохион байгуулах боломжтой. Ингэхдээ өндөржүүлсэн бэлэн байдлын үед баримтлах дүрэм, зааврыг чандлан сахиж, мөрдөнө. Мөн үйлдвэрлэлийн болон нийгмийн цехүүдийн үйл ажиллагааг үе шаттай хэвийн горимд шилжүүлэх чиглэлийг Шуурхай штаб баримтлан ажиллана гэж зөвлөгөөний эхэнд нэгдүгээр орлогч мэдээлсэн. 

     Өнөөдрийн шуурхайн зөвлөгөөний үеэр Эрдэнэт үйлдвэрийн ҮЭ-ийн холбооны дарга Б.Төгсбаяр, Нийгмийн харилцааны хэлтсийн хамт олонд талархал гардуулав. Уг талархалд, “Эрдэнэт үйлдвэр, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 91 тоот тогтоолоор “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болж, бүтцийн өөрчлөлтийн дагуу Нийгмийн харилцааны хэлтсийг шинээр байгуулсан. Ингэснээр үйлдвэрийн ажилчдын нийгмийн болон соёлын тулгамдсан асуудлыг цогц байдлаар шийдвэрлэж, олон төсөл хөтөлбөрийг санаачлан төр засгийн бодлого шийдвэрийг ҮЭ болон орон нутгийн удирдах байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж, хамтын ажиллагаанд том ахиц дэвшил гарч байна. Олон жил хүлээгдэж байсан орон сууцны төслүүдийг эхлүүлж, үйлдвэрийн ажилтанд олгох тусламж хөнгөлөлтийн журмыг шинэчлэн, хүртээмжийг нь нэмэгдүүлэх, нийгэм соёлын арга хэмжээний цар хүрээг өргөжүүлж буй нь тус хэлтсийн чиг үүрэг чухал байсныг харуулдаг. Иймд Эрдэнэт үйлдвэрийн нийт ажилтан, ахмадууд, МШӨ-ний улмаас тэтгэвэр тогтоолгосон ажилчид болон ҮЭ-ийн холбооны нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлж, цаашид хөдөлмөрийн хүний төлөө хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна” гэсэн байна. 

     Өнгөрсөн долоо хоногт ХАБЭА-н сургалтад 288 хүн хамрагдаж, цех нэгжүүдэд  өндөр эрсдэлтэй 53 ажил хийж гүйцэтгэсэн байна. Цацрагийн аюулгүй байдлын хүрээнд Баяжуулах үйлдвэр, Холбоо, мэдээллийн технологи, автоматжуулалтын цехэд шалгалт хийж, холбогдох мэргэжилтнүүдэд үүрэг даалгавар өгчээ. Үйлдвэрлэлийн хэлтсээс 9 сарын эхний 20 хоногийн үйлдвэрлэлийн төлөвлөгөөний биелэлтийг мэдээлж, энэ хугацаанд 15 вагон зэсийн баяжмал илүү ачигдсаныг онцлов. Намар, өвлийн бэлтгэлийн хүрээнд нийт 292 ажил төлөвлөгдсөнөөс өнөөдрийн байдлаар 100-аас дээш гүйцэтгэлтэй ажил 56 хувь, 80-аас дээш гүйцэтгэлтэй ажил 13 хувийг тус тус эзэлж байна. Одоогоор эхлээгүй 53 ажил байгаа бөгөөд эдгээрийн явц, биелэлтэд хяналт тавьж ажиллана гэж хэлтсийн дарга Т.Түмэн-Өлзий мэдээлэлдээ дурдав. Үйлдвэрлэлийн цехүүд болон газар хэлтсийнхэн өнгөрсөн 7 хоногийн ажлаа тайлагнасны дараа орлогч захирлууд хариуцсан чиглэлээр цаг үеийн мэдээлэл хийсэн.

     “Сарын эхний хорь хоногт үйлдвэрлэл хэвийн жигд ажиллаж, урьдчилсан байдлаар үйлдвэрлэлийн төлөвлөгөө болон нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилтоо биелүүллээ. Сар бүр хорин вагон зэсийн баяжмал илүү ачиж, 5000 гаруй баяжмал нэмж үйлдвэрлэх төлөвлөгөөг бүрэн биелүүлбэл оны төгсгөлд борлуулалтын орлогоо нөхөх, хүрсэн түвшнийг хадгалах боломж бүрдэнэ” гэж нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер онцолсон. Иймд, үйлдвэрлэлийн цех болон холбогдох хэлтсүүд ямар нэг шалтгаанаар үндсэн тоног төхөөрөмжийн  сул зогсолт гаргахгүй байх, төлөвлөгөөт засварыг хугацаанд нь дуусгах, чанартай сэлбэг хэрэгслийг цаг тухайд нь  нийлүүлж, уялдаа холбоо сайтай хамтарч ажиллахыг үүрэг болгов. Мөн намар, өвлийн бэлтгэл ажилд онцгой анхаарч, цех нэгж бүр төлөвлөсөн хугацаанд чанартай хийж дуусгах чиглэл өглөө. 

М.Балжинням
Фото Б.Баттөгс

Эх сурвалж:”Erdenettoday.mn”