“Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн багш, оюутнууд лаборатори бэлэглэв
Уул уурхай 1 сарын өмнө     131    0

 “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн Эрчим хүч, мэдээллийн технологийн тэнхимийн багш, оюутнууд цахилгаан хөтлүүрийн давтамжийн хувиргах техник, програмчлагдсан логик контроллерын иж бүрэн лаборатори сургуульдаа бэлэглэлээ.

Уул уурхай, эрчим хүчний томоохон үйлдвэрүүд давтамж хувиргагч төхөөрөмжүүд их ашигладаг. Тухайлбал, Баяжуулах үйлдвэрийн тээрэм, насос, коньвейер зэрэг нүсэр тоног төхөөрөмжийн давтамжийн хувиргагчийн хурдыг зохистой тохируулснаар эрчим хүчний зарцуулалт буурч, үр ашиг нэмэгддэг. Эрдэнэт үйлдвэрийн нийт зардлын гуравны нэгийг цахилгаан эрчим хүчний зардал эзэлдэг бөгөөд үүний 75 хувь нь хүдэр нунтаглалттай холбоотой.

     “Эрдэнэт цогцолбор” дээд сургууль Цахилгаан хөтлүүрийн давтамжийн хувиргах техник, програмчлагдсан логик контроллерын иж бүрэн лабораторитой болсноор цахилгааны мэргэжил олгох сургалтын чанарт ахиц гараад зогсохгүй эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүнд, үйлдвэрийн ажилчдын давтан сургалтад эерэг нөлөө үзүүлнэ гэж эрдэмтэд үзэж байна. Тус лаборатори ШУТИС-ийн Эрчим хүчний сургууль, Уул уурхайн сургуульд байдаг бол гурав дах нь орон нутагт анх удаа ийнхүү байгуулагдлаа. Тус лабораторийн стендүүдийн нэг бүрийн үнэ нь 20-50 мянган ам.доллар байдаг бол “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн багш, оюутнууд дэлхийд тэргүүлэгч Самсунг, АВВ, Шнайдер фирмийн төхөөрөмж аваад бусад тоноглолуудыг өөрсдөө хийж сургалтад ашиглаж байгаагаараа онцлог юм. Тэд зах зээлийн үнээс дөрөв дахин бага зардлаар буюу нэг стендийг таван сая төгрөгийн өртгөөр хийж, сургуулийнхаа 45 жилийн ойд бэлэг барилаа. 

Эх сурвалж:”Erdenettoday.mn”