МАХН-ын сонгуулийн сунгаа Эрдэнэтэд эхэлжээ
Хотын амьдрал 5 жилийн өмнө     36    0
УИХ-ын эрхэм гишүүн О.Баасанхүү саяхан манай аймагт нэг хоног, хоёр өдөр ажиллаад буцлаа. Тэрбээр энэ тухайгаа “Эрдэнэт бол МАХН-ын тойрог. 2012 оны сонгуульд манай намын төлөөлөгч Л.Цог ялалт байгуулсан. Тиймээс МАХН-ын хувьд эрдэнэтчүүдийн төлөө ажиллах ёстой. Эхний ажил нь өмч хувьчлалын үед иргэдийн гар дээр ирсэн ягаан, цэнхэр хоёр тасалбарыг тойрсон асуудал. Эрдэнэтийн олон арван мянган хүн ягаан цэнхэр, тэр дундаа 7000 төгрөгийн үнэтэй цэнхэр тасалбараа “Эрдэнэт үйлдвэр”-т өгсөн байдаг. Тэдэнд ногдол ашиг хэзээ ч өгч байгаагүй. Та нар энэ талаар хүсэлтээ гарга. Би ажил болгоод улмаар бүтээгээд өгье. Хоёрдугаарт, энэ үйлдвэрийн Монголын талын 51 хувийн тодорхой хувийг тусад нь босгоод хаалттай компани байгуулна. Ингэснээр тэнд ажиллаж байгаа иргэд бүгд цалингаасаа гадна ногдол ашиг хүртэх эрхтэй болно. Энэ хоёр ажлаар Эрдэнэтэд ирлээ” гэж мэдэгдсэн. Тэгвэл МАХН-ын гэх тодотгол, нэртэй эрхмүүдийн хувьд 2016 оны сонгуульдаа эртнээс бэлдэж эхэллээ. УИХ-ын гишүүн О.Баасанхүү эндээс нэр дэвших бодолтой байгаагаа тойруугаар ч гэсэн хэлээд амжсан. Тэгвэл Орхон аймгийн МАХН-ын зарим нэг хүн бүр аль эрт өөрсдийгөө 2016 оны сонгуульд намаасаа Орхон аймагт нэр дэвшинэ гэдгээ үг хэл, үйлдлээрээ ойр тойрныхондоо зарлаад эхэлсэн бололтой. МАХН-ын хувьд АН-тай хамтарч улмаар “Шударга ёс” эвсэл байгуулан төрийн эрхийг барьж байгаа. Үүний буянаар Эрдэнэтийн Дулааны станцын даргаар Д.Ганбаатар, Эрдэнэт хот дахь Гүний гаалийн газрын даргаар аймгийн Засаг дарга асан Д.Оюунбат нар томилогдон даргын зөөлөн сэнтийд заларч байгаа. Тэдний хувьд байгууллагын даргын суудал жижигдээд одоо өөрсдийгөө 2016 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшинэ гэдгээ ил далд хэлбэрээр зарлаж байна. Д.Оюунбатын хувьд аймгийн Засаг дарга, МАН-ын хорооны дарга байхдаа арилжааны телевизийн сувгийн зөвшөөрөл авсан байдаг. Одоо л үүнийхээ ид шидийг үзүүлдэг хэрэг гээд зарим нэг хүнтэй хамтран телевиз байгуулжээ. Д.Ганбаатарын хувьд ч ялгаагүй. Бизнесийн хамтрагчаараа дамжуулан Эрдэнэтийн нэгэн жижигхэн телевизийг худалдан авч их улс төрийн сонгуулийн сунгаанд сойж эхэлсэн бололтой. Хуульд ямар ч өөрчлөлт орлоо гэсэн одоохондоо манай аймаг УИХ-ын хоёр мандаттай тойрог байх нь нэгэнт тодорхой. Үүнийг Д.Ганбаатар, Д.Оюунбат нар бусдаас түрүүнд мэдэрч өөрсдийгөө албан бусаар ч гэсэн нэр дэвшигч хэмээн зарлуулж байгаа. Өөрсдийнхөө талаар олон нийтийн дунд судалгаа ч хүртэл хийлгүүлсэн бололтой. Хөндлөнгөөс ажвал энэ хоёр хүний хувьд эрдэнэтчүүд “За” гэх нь юу л бол. Тэр дундаа Д.Ганбаатарын хувьд. Өнөөдөр түүний Эрдэнэтэд байдгийг их л бодож Дулааны станцын ажилчид мэднэ. Ажилчид нь ч толгой сэгсэрдэг юм билээ. Д.Оюунбатын хувьд одоохондоо камерын дурангаас бултаж байгаа ч цаагуураа ирэх сонгуульд нэр дэвшиж улмаар ялалт байгуулан өөдгүй нөхдүүдээс хариугаа хатуухан авна хэмээн тангараг өргөсөн гэдэг яриа МАН-ын цагаан байшинд яригддаг. Нэгэнт УИХ-ын дэд дарга Л.Цог Эрдэнэтэд дахин ирэх нүүргүй болсон учраас О.Баасанхүү гишүүн санаагаа цухалзуулж Д.Оюунбат, Д.Ганбаатар нар өөрсдийгөө нэр дэшигчээр сайн дураараа зарласан улс төрийн синдром өнөө жил халуун намраар эхэлж байна. Н.ТӨР
Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)

Та өсвөр насны хүүхэдтэйгээ бэлгийн болон нөхөн үржихүйн сэдвээр хэр нээлттэй ярилцдаг вэ?

  • Хүүхэдтэйгээ тогтмол ярилцдаг
  • Ямар нэгэн асуудал байгаа мэт санагдмагц ярилцдаг
  • Хааяа нэг асуудаг
  • Хүүхэд маань өөрөө л хэлэхгүй бол асуудаггүй
  • Аль болох зайлсхийдэг