“МАНАЙ ЦЭЦЭРЛЭГ”
Мэдээ мэдээлэл 1 сарын өмнө     104    0

“Хүүхэд бол  цэцэг  юм. Харин багш нар бол  цэцэрлэгчид юм. Эдгээр  цэцгүүдийн өсөлт  хөгжилтөд муугаар нөлөөлөх зүйлийг байлгахгүйн тулд цэцгүүдийг арчлах  хэрэгтэй” хэмээн  хэлсэн  байдаг.

Би Орхон аймгийн тэргүүний 7-р цэцэрлэгийн ахмад багш. Энэ хорвоог сониучхан нүдээр харж,  сурч мэдэх гэсэн балчир үрсийн анхны багш гэдгээрээ бахархдаг. Өглөө бүр нэг л замаар цэцэрлэгийн шаргалхан байшинг зорин алхахдаа сэтгэлд таатай сайхан байдаг. Манай  Эрдэнэтийнхэн эртэч. Тэр  тусмаа уулын баяжуулах үйлдвэрийн ажилчид урт цагаан автобусандаа суугаад ажилдаа эрт явна. Багш  бид энэ бүхэнтэй хамт ажлаа эрт эхлүүлнэ. Цэцэрлэг хэмээх нэгэн том айлын гишүүн болсоор нэгэнтээ 35 хавар намрыг үдсэн байна. Энэ олон хавар намрыг үдэж угтахдаа хүүхэдгүй цэцэрлэг, хүүхэдгүй багшийн ажил тийм таатай биш байдгийг өнөөх айхтар “Корона” -гаас болж мэдэрсэн хэрэг. Цэцэрлэг хүүхдийн дуу цангинасан дуутай шуутай байж утга учиртай баяр хөөртэй ажилтай байдаг билээ. Цэцэрлэг хаана байх, ямар барилга байшинд байхаас үл хамааран цэвэрхэн цэмцгэр. Инээд хөөр бялхсан, их ажил ундарсан сайхан энергитэй байдгаараа аль ч байгууллагаас ялгагдана.

  Цэцэрлэг гэж хэзээ, хаана, хэрхэн үүссэн түүхийг эргэн нэг санацгаая. XVII-XVIII зуунд дэлхийн анхны цэцэрлэг 1837 онд цэцэрлэгийн багшийн мэргэжил үүсэн хөгжиж, харин манай оронд 1924 онд Сэлэнгэ аймгийн Алтанбулагт1925 онд Өргөө буюу өнөөгийн Улаанбаатар  хотод 30 хүүхэд, 4 багштай анхны цэцэрлэг үүссэн байна. Өнөөдөр Монгол улсад 1400  цэцэрлэгт 240.000 орчим хүүхэд 7300 үндсэн багш, 6500 гаруй туслах багш ажиллаж байна. 20 гаруй дээд сургуульд цэцэрлэгийн багшийг бэлтгэн төгсгөж байна. Эрэлт хэрэгцээтэй 10 мэргэжилд цэцэрлэгийн багш орж байна.

  Манай цэцэрлэг улсдаа ганцханд тооцогддог, хүүхдийн стандарт бүхий “Дельфин” усан бассейнтай, урлаг болон биеийн тамирын 2 заалтай, сургалтын орчин үеийн танхимтай, 12 бүлэгтэй томоохон нэгэн цэцэрлэг юм. Энэ хичээлийн жилд манай цэцэрлэгт 2-5  насны 368 хүүхдийг хүлээн авч СӨБ-ыг эзэмшүүлэхээр ажиллаж байна. Манай цэцэрлэгийн багш нарын 50% нь тэргүүлэх зэрэгтэй, дуу хөгжим, биеийн тамирын мэргэжлийн багштай, бүтээлч авьяаслаг хамт олон юм. Цэцэрлэгийнхээ амжилт бүтээлээс дурдахад:

  • “Аялгуун  гялбаа” Аймгийн урлагийн  их  наадамд байгууллагаараа 2-р байр 
  •  “ Эх хэл өв соёл” аянд аймагтаа Тэргүүн байр 
  •  Монгол бичигтэн аянд  2-р байр
  •  Багш нарын дунд жил бүр уламжлал болон явагддаг Шилдэг илтгэлийн уралдаанд сүүлийн таван жилд эхний гурван байрт  
  • “BEST OF MONGOLIA” цахим санал асуулгаар “Шилдэг цэцэрлэг” номинациар улсад Тэргүүн байр
  • “Үлгэрч аав ээж” аянд аймагтаа Тэргүүн  байр
  •  “Шилдэг эцэг эхийн зөвлөл”- өөр аймагтаа Тэргүүн байр
  •   Эрүүл мэндийг дэмжигч  байгууллагаар шалгарсан зэрэг амжилтыг гаргасан. Энэ  бүх амжилт бүтээл нь цэцэрлэгийн эрхлэгч, багш, ажилтан болон эцэг эхчүүдийн хамтын  үйл ажиллагааны үр дүн юм. Манай цэцэрлэгийнхэн хийхээр төлөвлөсөн, хийж байгаа олон сайхан ажил байгааг тэмдэглэн хэлэх нь зүйтэй.

Энэхүү нийтлэлээ нэрт эрдэмтэн Ф.Фребелийн  “Хүүхдийн цэцэрлэг нь хүүхдэд бурханаас, байгалиас заяагдсан өгөгдлийг нь нээж хөгжүүлдэг газар байх ёстой” гэсэн үгээр төгсгөе.

                        

                                          Нийтлэл бичсэн: Багш С.Эрдэнэчимэг,  И.Эрдэнэжаргал