Тамгын газрын даргын нэр дуулдаж эхэллээ
Мэдээ мэдээлэл 1 сарын өмнө     413    0

              Орон нутгийн сонгууль болоод долоо хонох гэж  байна. Сонгуулиар Орхон аймаг, Эрдэнэт хотын сонгогчдын олонхийн саналыг улс төрийн ууган хүчин МАН авсан.

Тэд энэ удаагийн орон нутгийн сонгуульд аймагт 35 суудлын 23-ыг, Баян-Өндөр суманд 31 суудлын 24-ийг, Жаргалант суманд 21 суудлын 20-ийг нь авсан. Аймгийн МАН-ын хороо хуралдаж Орхон аймгийн дараагийн Засаг дарга, ИТХ-ын даргын нэрийг тодруулаад байгаа. Аймгийн ЗДТГ-ын дарга Д.Соёлчхүү аймгийн Засаг даргад, “Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн санхүү эрхэлсэн орлогч захирал Д.Мөнхбат аймгийн ИТХ-ын даргад нэр дэвшсэн. Тэдний нэрийг маргааш хуралдах МАН-ын Удирдах зөвлөлийн хурал батламжлах эсэхийг шийднэ.

Харин энэ хооронд аймгийн ЗДТГ-ын шинэ даргын нэр хөшигний ард тодроод байна. Нийгмийн даатгалын хэлтсийн даргаар ажилладаг Б.Анар аймгийн ЗДТГ-ын дарга болох гэнэ. Ингэхэд өнгөрөгч орон нутгийн сонгуулиар нэр дэвшсэн тойрогтоо хамгийн их санал авсан хүмүүс л “дарга болдог” гэдэг хэвшмэл ойлголтыг эвдэж төрд ажиллаж байгаа эрхмүүдээс орон нутгийн удирдах эрхмүүдээ тодруулж байгаа аймгийн МАН-ын хорооны шийдвэр эрдэнэтчүүдийн хувьд “оньсого” боллоо.

Д.Соёлхүү нь Дорнод аймгийн уугуул, “Газарчин” дээд сургууль төгсөөд ХААИС-д магистр хамгаалсан, Монгол шуудангийн Эрдэнэт салбарын эрхлэгч байгаад 2016 онд Зэст багт өрсөлдөөд өвдөг шороодсон ч удалгүй аймгийн ЗДТГ-ын даргын суудалд заларсан. Одоо аймгийн Засаг даргад нэр дэвшээд байгаа. Аймаг орон нутгийг удирдаад явах нь юу л бол, энэ залуу гэх хүн байхад “Манай Соёлоо ч бужигнуулаад өгнө л дөө” хэмээх балиашиг ч энд тэнд байна. Бүр “Тэр Соёлчхүү чинь Хүрэлсүхийн удирддаг Зүүний хүчний холбооны гишүүн”  гээд тал зассан нөхөр ч харагдана. Орхон аймаг, Эрдэнэт хот бол улсын эдийн засагт үзүүлэх нөлөө, хөгжил, хүчин чадал энэ тэр талаараа улсын нийслэлийн дараа орох том газар. Зуу гаруй мянган эрдэнэтчүүдийн хувь заяаг гартаа атгахад Д.Соёлчхүү арай л эрт байж мэдэх тал бий. Дээр нь өөрөө аймгийн ИТХ-ын төлөөлөгч биш. Өөдөөс нь УИХ-ын гишүүн, ямар ч уран мэх, аман мэх хийж мэдэх Норовын Алтанхуяг, Сайнхүүгийн Ганбаатар нар өрөөд зогсож байгаа гэж бодохлоор арай л багадаад байна.

Улс төрд өөрийн гэсэн байр сууриа нэгэнт олчихсон, хэлэх үгтэй, хийсэн ажилтай С.Ганбаатар, Н.Алтанхуяг мэтийн луугаруудтай ана мана ач тач үзэх, аймаг орноо мэдэх хүн аймгийн ИТХ-д энэ удаад нэгээр ч тогтохгүй байгаа. Тухайлбал, одоогийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва бол ясны эдийн засагч. Орост сургууль төгссөн, аймгийн төсвийг 10 хуруу шигээ мэддэг, Сангийн яамныхантай онолын ч амьдралын ч ном хаялцчих чадвартай, англиар 10 байтугай өгүүлбэрээр өөрийгөө илэрхийлчихдэг энэ нөхөр Эрдэнэтийн, Эрдэнэтчүүдийн эрх ашгийн төлөө хэний ч өмнөөс “битгий дэмийр” гээд шулуухан хэлчихнэ. Энэ талаас нь харвал бусдын хэлээд байгаа шиг МАН боловсон хүчний нөөцгүй биш, харин ч энэ цагт аймагтаа л гэгдэх нөхдүүд байгаа. Тэд харин энэ удаад яагаад нэр дэвшсэнгүй вэ, дэмжлэг аваагүй вэ гэдэг яриа л сонирхол татаж байна. Харин Б.Анарын хувьд бол “Есөн Эрдэнэ” захын боссын хүү гэдгээс нэг их хэтрэхгүй л байна.