Эрдэнэт уулын буяныг хөдөөгийн хүүхдүүд ч хүртэж эхлэх нь
Мэдээ мэдээлэл 1 сарын өмнө     65    0

 Нэрт яруу найрагч Р.Чойном “Аливаа муу зүйлийг шүүмжлэх эрхтэй шигээ аливаа сайн зүйлийг магтах зүрхтэй байх хэрэгтэй”  хэмээн нэгэнтээ бичиж байжээ. Тэгвэл би энд Эрдэнэт үйлдвэрийн удирдлага, уурхайчдыг магтан, тэднээр бахархаж байна. 

Би хөдөөгийн нэгэн сумын 10 жилийн сургуулийн бүтээгдэхүүн. Манай сургууль 1000 гаруй хүүхэдтэй, эрэгтэй эмэгтэй дотуур байртай, аймаг орон нутагтаа мандаж явсан үе бий. Тэр үеийн сургуулийн сурагчид бид их завсарлагаанаар гадаа гарч бие засдаг байлаа, өвөл зунгүй.

 Сургууль маань гаднаа жорлонтой гэсэн үг л дээ. Харин халаалтын хувьд сумын төвийн уурын зуухнаас хамааралтай. Хөвгүүд л болсон хойно сургуулийн жорлон руу гүйгээд байхгүй. Сургуулийн өмнөх эзэнгүй хашаа, голын жалга бараадан “морь харна”. Дотуур байрны хүүхдүүд ч ялгаагүй өвлийн хүйтэнд ч усан бороонд ч гадна жорлон руу л гүйнэ. Өнгөрсөн зун ангийн нөхөдтэйгээ хамт сургуулиараа зочиллоо.  Сурагчийн ширээ, хүрэн самбар, модон хаалга нэг л дотно дулаахан ертөнц биднийг угтсан сан. Харин 30 гаруй жил өнгөрсөн болохоор сургуулийн гаднах нийтийн бие засах газар нэг биш удаа “нутаг сэлгэсэн” байх юм. Нэг үгээр хэлбэл, манай сургууль өнөөг хүртэл модон жорлонтойгоо л байна. Хөдөөгийн 330 гаруй сумын сургууль 20 дугаар зууны 20-иод он гарчихаад байхад тэртээ 1980-аад оны байдлаараа гадна жорлонтой байсаар л.

Саяхан Эрдэнэт үйлдвэрийн удирдлага хөдөөгийн сургуулиудыг орчин цагийн боловсон ариун цэврийн өрөөтэй болоход нь 100 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийх болсон тухай мэдээг монголчуудад дуулгасан. Энэ бол бараг л 1990 оны ардчилсан хувьсгалаас хойш дуулдаагүй чихэнд чимэгтэй мэдээ гэхэд хол зөрөхгүй. Бид өнгөрсөн хугацаанд бүтээн байгуулсан бүх зүйлээ нурааснаас биш хөдөөгийн нэг сумын сургуульд  орчин үеийн ариун цэврийн байгууламж хийсэн билүү. Аа тийм, уурхайчид маань зөвхөн хөдөөгийн сумдын сургуульд гээгүй, цэцэрлэгүүдийг ч орчин үеийн ариун цэврийн байгууламжтай болгохоор ийм санаачлага гаргасан. Нүүдэлчний удам хэдий ч өнөөдөр Увс аймгийн Сагил сумын малчин гэртээ зурагт үздэг, утсаар ярьдаг, интернэтэд холбогддог хөгжил дэвшилд хүрсэн атлаа сургууль, цэцэрлэгийн хүүхдүүддээ анхаарлаа хандуулах нь бага байжээ. Ирээдүй хойч үедээ анхаарлаа хандуулж, тэдэнд хөрөнгө оруулалт хийх болсон Эрдэнэт үйлдвэрийн удирдлага, уурхайчдын санаачлага үнэхээр нүдээ олсон, цаг үеэ мэдэрсэн шийдвэр байлаа. Тэдний энэ санал, санаачлагыг 2020 оны “Онцлох үйл явдал”, “Энэ цагийн эгэл баатар” зэрэг номинацад нэр дэвшүүлсэн ч багадна.

Ямар ч байсан Эрдэнэт хэмээх энэ уул, дэлхийд данстай энэ үйлдвэрийн үр шимийг эрдэнэтчүүд гэлтгүй Монголын ирээдүй болсон хөдөөгийн 330 сумын сургууль, цэцэрлэгийг багачуул ч хүртэх нь ээ. Эрдэнэтийн уурхайчдын суу алдар мандан бадраг ээ.