Эрдэнэтчүүд энэ өвлийг гэрэл цахилгаантай давах нь уу
Нийгэм, Улс төр 1 сарын өмнө     60    0

  Наймдугаар сарын сүүлчээр, есдүгээр сарын дундуур дарга нар өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар хуралдаад “болж байна, гайгүй юм байна” хэмээн дүгнэж байсан нь саяхан.

Гэтэл өчигдөр Эрдэнэт хот эрчим хүчний хувьд бараг л Тэг” зогсолт хийх дөхлөө. Хотын төвийн дөрөв, тав, зургаадугаар микр тэр чигтээ таг харанхуй болж гудамж талбай ч гэрэл, цахилгаангүй болов.

Ер нь сүүлийн өдрүүдэд ганц энэ удаад ч гэлтгүй орон сууцны хорооллын гэрэл, цахилгаан байнга тасраастай байгаа. Нэг, хоёр цаг тог тасрах нь бараг л жирийн үзэгдэл боллоо. Өнөөх өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд хийсэн ажил энэ тэр нь яав. Зүгээр л цаасан дээрх тоо, ажлыг дарга нар уншиж танилцсан уу.

Энэ бүхнээс харвал Эрдэнэт хот гэрэл цахилгааны хувьд энэ өвлийг асуудалгүй, айх аюулгүй давж чадах уу. Мэргэжлийн байгууллага болох “Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ” компанийн зүгээс энэ бүхэнд одоогоор тайлбар хийгээгүй байна. Харин аймгийн Засаг даргын Бүрэн эрхийг хэрэгжүүлэгч С.Батжарал фээсбүүк хуудсаараа дамжуулан “Хүчдэл унасан” тухай мэдээлэл орууллаа. Кинон дээр гардаг шиг “..та бүхэн тайван амгалан байцгаа. Асуудлыг судална” гэдэг шиг л зүйл өрнөж байна. Өнөөдөр өглөө зарим иргэн “ Гэрэл цахилгаан 09.30 цагаас 17.30 цаг хүртэл тасрах гэнэ, үнэн үү” хэмээн хэвлэлийнхэнээс асууж байна.

Дарга нар шинэ томилгоогоо хийгээд ажил, албан тушаалын хуваарилалтаа зураад завгүй байх хойгуур байшин хорооллын гэрэл цахилгаан байнгын тасраастай, гудамж талбай таг харанхуй байгааг иргэд сайн ойлгохгүй, айдастай байна. Энэ өвөл байшин хорооллынхон гэрэл, цахилгааны хувьд айх аюулгүй өвөлжиж чадах болов уу. Дээр нь Засгийн газраас гэр хорооллын иргэдийн шөнийн тарифыг 100 хувь хөнгөлсөн. Үдшийн 21.00 цагаас өглөөний 06.00 цаг хүртэлх энэхүү хөнгөлөлтөд манай аймгийн гэр хорооллын олон мянган хэрэглэгч хамрагдана. Ачаалал дээрх хугацаанд нэмэгдэнэ. Түүнийг нь даах уу гээд олон асуулт байна. Тэртээ 1994 онд Монгол улс эрчим хүчний тэг зогсолтод орж байсан түүх бий. Тухайн үеийн Ерөнхийлөгч П.Очирбатын амьдарч байсан гэр, одоогийн 30 дугаар зочид буудал л гэрэлтэй байсан удаатай.

Саяхан ес, аравдугаар сард Улаанбаатар хотын авто замын сүлжээ мөн л тэг зогсолтод орж байсан. Хаашаа ч явах гарцгүй түгжрэл, тэр олон машины сигналын дуунаас иргэд айж, цочирдсон. Тэг зогсолт иргэдийн сэтгэл зүйд нөлөөлдөг. Тиймээс мэргэжлийн байгууллагынхан, дарга нар даруйхан арга хэмжээ авахгүй бол хөхүүрийн ам цаашилж, хүйтний ам наашилж байгааг болгоох биз ээ.