Засаг дарга С.Батжаргалын ахалсан Онцгой комиссын 18 хоног
Мэдээ мэдээлэл 1 сарын өмнө     304    0

Улсын эдийн засгийн жин дарах хувийг бүрдүүлдэг “Эрдэнэт үйлдвэр”-тэй стратегийн гол тулгуур Орхон аймаг хүн амын нягтшил ихтэй тул Ковидын халдвар хурдтай тархах бүс нутаг юм. Тиймээс ч Шадар сайдын баталсан журмаар Орхон аймгийг халдварын маш эрсдэлтэй нутагт тооцжээ.

Орхон аймгийн  Засаг дарга С.Батжаргалаар ахлуулсан Онцгой комисс Монгол улс дотооддоо халдвар алдсан 18 хоногийн хугацаанд өмнө нь амжуулаагүй  олон зүйлийг хурдтай шийдвэрлэсэн гэж харагдаж байна. Халдвартын тасгийн засварыг дуусгаж, өнгөрсөн хавраас эхэлсэн ч эцэслээгүй байсан Вируслогийн кабинетийг хүлээн авч ажлыг нь жигдрүүллээ. Иймдээ ч PCR шинжилгээг ХӨСҮТ рүү илгээж хугацаа алдахгүй болсон. Төмөр зам дагасан кластер халдварын 13 тохиолдол нэг өдөр гэнэт бүртгэгдсэн нь аймгийн Онцгой комиссыг сандралд оруулсан нь лавтай. Засгийн газраас төлөөний хүнээ илгээж, ХӨСҮТ-ээс гурван мэргэжилтэн ирж ажилласан нь амьсгаа авахтайгаа болгосон.

Эрдэнэт газар нутаг бага учраас 13 халдвар тээгчийг тааж мэдчих гээд, бага насны дөрвөн хүүхдээс нэг дор халдвар илэрсэн зэрэг нийгмийн сэтгэл зүйд нөлөөлөх хэд хэдэн сорилтын өмнө бид зогслоо.

“Халдвар тээгчээр анхлан бүртгэгдсэн 13 хүний болон нэмэгдсэн хүмүүсийн ойрын хавьтлын 428, дам хавьтлын 4721 хүнийг хяналтанд авч, 17 мянга 200 гаруй хүнд түргэвчилсэн сорил тавьсан нь нийт хүн амын 16 орчим хувийг эзэлж байна.  Тусгаарлах 7 байранд 167 хүнийг хянаж, 334 хүүхдийг гэрт нь тусгаарлаж, шинжилгээ авахад бүгд сөрөг гарсан.

Гэсэн ч 26-ны өдөр нэмэгдсэн 4 халдвар тусгаарлагдсанаас хойш 8 дахь хоног дээрээ хоёр дахь удаагийн шинжилгээгээр илэрсэн. Тэдний гурав нь нэг гэр бүлийн хүмүүс байсан. Халдварын нууц хугацаа 14 хоног байгаа нь манай аймгийн хувьд халдварын тоо ганц нэгээр бус нэмэгдэх, нэг гэр бүлийн хүмүүс олноор бүртгэгдэх зэрэг нөхцөлтэй аж.

Халдвар тархалтыг бүрэн хяналтандаа авсан учир хүнсний дэлгүүр, эмийн санг 27-ны өдөр нээх шийдвэр гаргасанаа аймгийн Онцгой комисс зарласан. Энэ хугацаанд нийгмийн сэтгэл зүй, цахим орчин дахь замбараагүй байдалтай хэрхэн тэмцэхээ Монгол улсын Засгийн газар яахаа мэдэхгүй байдалд байгаа нь хамгийн том эрсдэл дагуулахаар болжээ. Үүний нэг жишээ нь, Орхон аймгийн Онцгой комиссын хурал дээр: “Фэйсбүүкийн тодорхой бус хаягнаас халдвар авсан хүүхдүүдийн сургууль, цэцэрлэгийн хаягийг цахимд мэдээлсэн байна” гэж мэдэгдсэн. Хувь хүний хариуцлага ганц хором алдагдахад ямар их хохирол дагуулж болохоор байгааг, хүнлэг сэтгэл, үр хойчдоо сэтгэл зовнисон энэ цаг үе биднийг ямар хариуцлагад сургаж байгааг дээрхээс харж болно.

Шинэхэн бүрдсэн Орхон аймгийн удирдлага энэ өдрүүдэд “Хүнсний дэлгүүрийг хаана, хаахгүй гэсэн шийдвэрийг хэдхэн цагийн дотор өөрчлөн будилсан ч залуу, туршлагагүй удирдлагаа мэдрэмжтэй, чадвартай хүмүүсээр орлуулж, зохион байгуулалтын хувьд ахицтай байж чадлаа. Олон нийтийг мэдрэх мэдрэмж ажилтан бүрт байхгүйг мэдрүүлсэн өдрүүд ард өнгөрлөө.

“Эрдэнэт үйлдвэр” 7000 гаруй ажилтнаа шинжилгээнд бүрэн хамруулснаар үйлдвэр маань хэвийн ажиллаж алтан дээр суусан Эрдэнэтчүүд ямар ч байсан гал алдахгүй байх нөхцөл бүрдлээ.

Засгийн газрын төлөөний хүн Зам тээврийн хөгжлийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ орон нутгийн эрдэмтэн судлаачидтай уулзаж, халдварын үед ажиллах урт хугацааны төлөвлөгөө боловсруулах анхны уулзалтыг хийсэн.

  • Одоо манай аймгийн хувьд хэд хэдэн сорилт байна. Улаанбаатар болон бусад аймгуудад хөл хорионд орсон иргэдээ татан авч, халдвар хамгааллыг хэрхэн сахиулах, ойролцоо аймгуудаас иргэдийн махны хэрэгцээ \идэш\-г нь яаж хийлгэх зэрэг асуудал байгаа. Эдгээр нь жирийн үед амархан шийдэж болох ч хөл хорионы үед эрсдэл багатай шийдвэрлэхэд гол учир нь байгаа. Хорио цээрийн үеийн ажлын онцлог нь энгийн асуудлыг эвтэйхэн, мэдрэмжтэй шийдэхээс эхэлж буйг удирдлагууд анзаарах хэрэгтэй.
  • Энэ сарын 30-нд Орхон аймгийн ИТХ-ын хуралдаан ирэх оны төсвөө цахимаар хэлэлцэх юм. Төсвийг бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын зардлыг багасгаж, шаардлагатай бус зардлуудыг тэвчихийг иргэд хүлээж байгаа. Аймгийн эдийн засаг ирэх хавар, оны сүүлээр ямар эрсдэл үүрэх вэ, хөрөнгө оруулалтын зардлыг багасгаж, нийгэм, зорилтот бүлэгт чиглэсэн ямар ажлуудад гэнэтийн зардал гарахыг таашгүй.
  • Монгол улсын Засгийн газраас эдийн засгийг дэмжсэн 23 арга хэмжээг хэрэгжүүлэхээр зарласан. Харин Орхон аймгийн ИТХ-аас ЖДҮ эрхлэгчдийг дэмжих, ажлын байрыг хадгалахад юу хийх вэ гэдэг хүлээлт бий болж байна.

Аймгийн Онцгой комиссын баг цар тахлын үеийн ажлыг удирдлага зохион байгуулалтаар хангахад олон нийтийн сэтгэл зүйд нөлөө үзүүлэхүйц ТББ-ууд, бусад улс төрийн намууд, иргэдийн төлөөлөл, хэвлэл мэдээлэл, хүлээн зөвшөөрөгдсөн лидерүүд зэрэг нийгмийн олон талын харилцааг үүсгэгч хэсгүүдийн саналыг анхааралтай сонсож, хамтарч ажиллах нь чухал гэдгийг энэ хэд хоног хангалттай харууллаа.

Н.ТӨР