Ажлаа мэддэггүй дарга нараас болж “Зөвлөх” Ц.Мөнхцэцэг хохирсон уу
Нийгэм, Улс төр 17 өдрийн өмнө     185    0

            Өнгөрөгч оны арваннэгдүгээр сарын эцсээр манай аймагт Ковид 19-ийн тохиолдол илэрч дарга нар түргэн авч, ажил ундарсан.

Аймгийн шуурхай штаб 100 гаруй дарга нарын бүрэлдэхүүнтэй байгуулагдаж бараг л хэн нь цэргийн хүн, хэн жирийн албан хаагч болох нь  ялгагдахгүй ногоон эрээн хувцастангууд байсан. Энэ үед Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, Халдвартын эмнэлгээс мэргэжлийн багийн 2-3 хүн ажиллаж Шуурхай штабыг эмх цэгцэнд оруулж өгсөн байдаг. Юу хийх, яахаа мэдэхгүй, ямар шийдвэр гаргахаа шийдэхгүй байсан тэр үед мэргэжлийн байгууллагын ажлаа мэддэг хүмүүсийн авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, ажил одоо ч төрийн албан хаагчдын дунд ам дамжин яригдаж байна. Манай аймгийн хувьд Эрүүл мэндийн газрын дарга Ц.Мөнхцэцэгийг шүүхээс 3 сарын хугацаатай ажлаас нь түдгэлзүүлсэн. Оронд нь Д.Сүхээ гэх уг нь гайгүй сайн мэс засалч болох нөхрийг “сайн дарга болоорой” гээд томилсон ч өнөөх нь ажлаа мэдэхгүй мунгинасан. Аргагүйн эрхэнд аймгийн дарга нар “лам олдохгүй бол буцахдаа зална” гэгчээр Ц.Мөнхцэцэгийг сарын сая төгрөгийн цалинтай, аймгийн Засаг даргын зөвлөхөөр урьж ажиллуулсан. Гэтэл түүнийг ажиллуулсан явдал нь шүүхээс Ц.Мөнхцэцэгийг дахин 3 сар ажил эрхлэх эрхийг нь хязгаарлахад хүргэсэн бололтой. Уг нь аймгийн Засаг даргын Зөвлөхөөр биш, цаг үеийн шаардлагаар аймгийн Онцгой комиссын шуурхай штабын зөвлөхөөр ажиллуулсан бол ийм явдалд хүрэхгүй байж болох байсан талаар учир мэдэх зарим хүн өгүүлж байна.

Ямар ч байсан өнөөдрийн байдлаар шүүхээс Ц.Мөнхцэцэгт  ажил эрхлэх эрхийг нь дахин 3 сараар хориглосон шийдвэр гарсан тухай дуулдана. Манай дарга нарын хувьд  гурван сараар ажил эрхлэхийг хязгаарлах нь шүүхийн арга хэмжээ байсныг мэдэхгүйгээс улбаалж ийм байдалд орсон байж болох гэнэ.