ОЁДЛЫН ЦЕХ 5.3 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН БАЯЖМАЛЫН УУТ ҮЙЛДВЭРЛЭЖЭЭ
Уул уурхай 1 сарын өмнө     90    0

     Эрдэнэт үйлдвэрийн Оёдлын цех ажлын хувцасны үйлдвэрлэл, баяжмал ачиж, савлах уутны үйлдвэрлэл, бүх төрлийн захиалгат оёмол бүтээгдэхүүний үйлдвэрлэл гэсэн гурван үндсэн чиглэлийн үйл ажиллагаа эрхэлдэг. Өнгөрсөн онд тус цехийн хамт олон  нэг тэрбум 873.6 сая төгрөгийн ажлын хувцас, 5 тэрбум 323.8 сая төгрөгийн баяжмалын уут тус тус үйлдвэрлэсэн байна. Баяжмал ачиж, савлах уутны үйлдвэрлэлийн төлөвлөгөө 101.4 хувиар биелжээ. Цехийн ажлын байрны иж бүрэн засварт 160 сая төгрөгний хөрөнгө оруулалт төлөвлөж, засварын ажлыг Барилга засварын цех хийж, гүйцэтгэсэн байна. 

   Дэлхий нийтэд тархаад буй цар тахлаас хамгаалах, урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Оёдлын цехийнхэн 36000 амны хаалтыг үндсэн ажлын зэрэгцээ дотоод нөөц бололцоогоор оёж үйлдвэрлэн, үйлдвэрийн Гамшгаас хамгаалах штабт нийлүүлжээ. Энэ нь нийгмийн хариуцлагын болоод хэмнэлтийн бодлогын  хүрээнд зохион байгуулсан томоохон ажил болсныг цехийн дарга Ц.Батмөнх ярив.  

      Энэ сард Эрдэнэт үйлдвэрийн Оёдлын цехийн 30 жилийн ой тохиож байна. Тус цехийг үйлдвэрийн ажиллагсдын ажлын тусгай зориулалтын хувцас, үйлдвэрт шаардлагатай оёмол бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх зорилгоор 1991 оны 1 дүгээр сард байгуулжээ. Анх нэг жилд 240 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлсэн тус цех 1994 онд Чех улсын тусгай зориулалтын тоног төхөөрөмжөөр хүчин чадлаа нэмэгдүүлж, даавуу материал татан иргэдийн хэрэгцээт бүтээгдэхүүнийг оёх тасаг шинээр нээж байв. Түүнчлэн 2006 онд үйлдвэрийн харьяа “Эрдсүлж” компани болон өөрчлөгдсөн бол 2019 оны 7 дугаар сараас “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын тушаалын дагуу уг компанийг татан буулгаж, үйлдвэрийн Оёдлын цехийн статустай болжээ. Тус цехийн дэргэд Баяжмал ачиж, савлах уут оёх хэсгийг 2017 оны 1 дүгээр сард байгуулснаар Монгол Улсын уул уурхайн салбарын хагас боловсруулсан бүтээгдэхүүн болох баяжмал савлаж, ачих даацын уутны зах зээл болон дотоодын хэрэгцээгээ ханган ажиллаж байна.