“Ipad” авах нь Ерөнхий сайдад огт хамаагүй гэнэ
Хотын амьдрал 13 өдрийн өмнө     162    0

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цар тахлын үед төр засаг хэмнэлтийн горимд ажиллах талаар албан ёсоор үүрэгдсэн. Гэтэл Эрдэнэтэд энэ тал дээр дуугарсан нэг ч дарга алга. Харин ч бүр, “Манай аймгийн хувьд цар тахалтай тэмцэж байгаа учраас Ерөнхий сайдын хэмнэлтийн горим энэ тэр нэг их хамаагүй” хэмээн дарга нар Л.Оюун-Эрдэнийн үгийг “орчуулж” байх юм. 

Ингэснээр манай аймгийн ИТХ-ын төлөөлөгчдөд зориулсан нэг бүр нь 3.2 сая төгрөгийн өртөгтэй “Ipad” авах нийт 114 сая 600 мянган төгрөг “гарааны зурхай”-гаас гарчээ. Дээр нь нэмээд аймгийн ИТХ-д 49.5 сая төгрөгөөр иж бүрэн компьютерүүд авах ажил өрнөж байгаа гэнэ.

Нутгийн удирдлагын ордонд томчуудын гэлтгүй Ерөнхий сайдын гаргасан мэдэгдэл, хэлсэн үгийг орчуулж байдаг, монголчилж суудаг албан тушаалтан ч байна. “Цаад Ерөнхий сайд чинь төрийн болон төрийн өмчит аж ахуйн тооцоот буюу төрд данстай байгууллагууд өчигдрөөс эхлэн автомашин, тавилга худалдан авч болохгүй гэсэн. Харин тоног төхөөрөмж,  “Ipad, компьютер авч болох юм билээ” хэмээн тайлбарлах аж.

Ямар ч байсан манай аймгийн хувьд 600 гаруй сая төгрөгөөр автомашин худалдан авах нь үнэн. Дээр нь тавилга, эд хогшил авах мөнгийг нэмбэл багагүй хэмжээний төгрөг хэмнэх боломж байгаа. Ерөнхий сайдынхаа үгийг гар өргөн дэмжих нь бүү хэл, толгой дохин дуугүй ч гэсэн зөвшөөрсөн дүр үзүүлэх дарга, албан тушаалтан Эрдэнэтэд л лав алга.