Зөвлөхүүдийн утас, интернэтэд сард 6 сая төгрөг төлдөг
Мэдээ мэдээлэл 13 өдрийн өмнө     1026    0

Цар тахлын энэ үед аймгийн Засаг даргын дэргэд гурван зөвлөх ажиллаж байгаа. Энэхүү зөвлөхүүд аймгийн Засаг даргад мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөхийн зэрэгцээ Орхон аймагт короновирус зөөвөрлөгдөн орж ирэхгүй байх тал дээр хариуцлага ч хүлээх аж. 

Зөвлөхүүд сард тус бүрдээ 1 сая төгрөгийн цалин авна. Мөн интернэтийн төлбөрт 3 сая, утасны ярианд 3 сая төгрөгөөр тус тус бодож олгодог. Тэдний бичиг хэргийн зардалд сар бүр 800 мянган төгрөгийг татвар төлөгчдийн халааснаас гаргаж байгаа. Нэг зөвлөх сард бараг 3 сая төгрөгийн цалин хөлс, нэмэгдэл авдаг аж. Дээрх өндөр зардалтай гурван зөвлөхийн хүчинд эрдэнэтчүүд “Эрдэнэт хотын өдөр”-өө, Шинэ жилээ, цагаан сараа амар тайван угтсан нь олзуурхууштай.

Аймгийн Засаг даргын А/34 тоот захирамжаар зөвлөхүүдийн цалин урамшуулал, утасны болон интернэтийн төлбөрийг Онцгой комиссын зардлаас гаргадаг юм байна.

Цар тахлын үед иргэдийн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөд хяналт тавьдаг улсын байцаагч хөдөө орон нутгаас ганцхан манай аймагт л бий. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга, эрдэнэтчүүд та бидний сайн мэдэх Б.Бат-Эрдэнэ байгууллагынхаа улсын байцаагчийг Эрдэнэт хотод ажиллуулсанаар иргэдийн төлөө гэсэн сэтгэлтэй, хэрэглэгчийг нэн тэргүүнд тавьдаг Н.Баясгалан гэдэг байцаагч аймгийн Засаг даргын 3 зөвлөхтэй адил ажиллаж байгаа. Гэтэл энэ хүний сарын цалин 500 мянган төгрөг. Түүнд нэмээд нэг ч төгрөгийн урамшуулал бүү хэл утасны мөнгө, интернэтийн талбөрийн хөнгөлөлт байхгүй.  Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн сарын цалин болох 500 мянган төгрөгийг мөн л аймгийн Засаг даргын захирамжаар баталгаажуулсан байна.