ДАВХАРДСАН ТООГООР 554731 ХҮНД ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЗЛЭГ ХИЙЖЭЭ
Уул уурхай 1 сарын өмнө     81    0

    “Эрдэнэт” сувиллын цогцолборын Түргэн тусламжийн тасаг нь үйлдвэрийн дүүрэг дэх бүтцийн нэгжүүдэд эрүүл мэндийн яаралтай тусламж үйлчилгээ үзүүлдэг. Тус тасгийн эмч нар давхардсан тоогоор 554731 хүнд ажилд гарахын өмнөх эрүүл мэндийн үзлэг хийсэн бөгөөд ажиллагчдын дунд зүрх судасны болон даралт ихсэх өвчний дуудлага зонхилох болсны учир уурхайчдыг ажил амралтаа зохицуулж, биеийн жингээ тогтвортой барихыг зөвлөж байна. Сар шинийн баярын үеэр “Эрдэнэт” сувиллын цогцолборын Түргэн тусламжийн тасгийн үйл ажиллагаа хэвийн явагджээ. “Цар тахлын дэгдэлтээс сэргийлэх зорилгоор үйлдвэрийн ажилчдыг эрсдэлээс хамгаалах, аливаа өвчлөлийг эрт илрүүлэх, ажлын байранд согтууруулах болон мансууруулах бодис хэрэглэсний улмаас үүсэх, ажилд гарахын өмнөх эрүүл мэндийн үзлэгийн тоо өссөн үзүүлэлттэй байна. Энэ нь Хаягдлын аж ахуй, Ус хангамжийн болон Барилга засварын цех, Дулааны цахилгаан станц, Геологи хайгуулын анги ажилчдадаа эрүүл мэндийн үзлэгт бүрэн хамруулдаг болсонтой холбоотой” гэж Түргэн тусламжийн тасгийн их эмч Ц.Батаа онцлов. Тус тасгийн эмч нар цех, нэгжүүдэд эрүүл мэндийн яаралтай тусламж үзүүлэн, хариуцсан цехүүддээ эрүүл зөв ажиллаж амьдрах хэв маягийн талаарх сургалтыг тогтмол явуулж байгаа ажээ.