Шинэ иргэндээ ширэн нүүрээ харуулсаар байх уу
Нийгэм, Улс төр 1 сарын өмнө     135    0

           Манай аймгийн ЗДТГ иргэдийнхээ санал хүсэлт, өргөдөл гомдлыг өдөр бүр хүлээн авдаг. Иргэдийн санал хүсэлт хүлээн авах 70353511 утсаар болон цахимаар ирсэн 7 хоногийн мэдээллийг нэгтгээд аймгийн Засаг даргын шуурхайд танилцуулдаг. Байгууллага, агентлагийн дарга нар иргэдийн өргөдөл, гомдлыг хэрхэн шийдвэрлэсэн тухай аймгийн Засаг дарга танилцдаг.  

Сүүлийн гурав, дөрвөн долоо хоногийн шуурхай дамнан нэг асуудал яригдсан ч өнөөг хүртэл тодорхой арга хэмжээ авагдаж, эцэг эхийн гомдлыг одоо болтол шийдэж чадахгүй шинэ иргэнийхээ өмнө ширэн нүүрээ харуулсаар л сууна.

Хоёрдугаар сарын эхээр дээрх утсанд нэгэн иргэнээс “Миний хүүхэд 2020 оны 12 сарын 8-нд БОЭТ-ийн төрөх тасагт төрсөн. Төрөх явцад эмчийн буруутай үйлдлээс хүүхдийн эгэм хугарч, харвалт өгсөн байсан. Түүнээс хойш 1 сар гаруй хугацаанд БОЭТ-д хэвтэн эмчлүүлж байгаад 2021 оны 2 сарын 13-нд түргэн тусламжийн машинаар Улаанбаатар хотод ЭНЭШТ-д ирж хэвтэн эмчлүүлж байна. Энд ирэхэд эмч нар үзээд төрөхөд хүүхдийн тархинд цус харвасны улмаас менингит болж, сепсис болсон байгаа тул амьдрах магадлал 50 хувь бага гэж байна. Төрөхөөс өмнө Ганболд эмчид үзүүлэхэд ураг том тул кесеров хийж өгнө гэсэн ч төрөх болоход эх баригч эмч кесеров хийх шаардлагагүй, өөрөөрөө төр гэж төрүүлсэн. Төрөх тасгийн эмч нарт хүмүүс 150 мянган төгрөг өгч хяналтанд нь ордог байдал хэвийн үзэгдэл болсон. Мөнгө өгөөгүй хүмүүсийг манай хүүхдийг төрүүлсэн шиг байдлаар хайнга ханддаг. Улаанбаатар руу явахад PCR шинжилгээ өгч явах ёстой гэсний дагуу удаа дараа шинжилгээ өгөх гээд чадахгүй байсаар ЭМГ-ын дарга Сүхээтэй холбогдоход 2 хоног шинжилгээ авахгүй тул өөрсдөө аргалаад яв гэсэн. Хүүхэд төрөлтийн явцад алдаа гаргаж буруу оношилж буруу эмчилгээ хийсэн болон төрийн байгууллагуудын ажлын уялдаа холбоогүйгээс хугацаа алдуулсанд гомдолтой байна. Иймд эдгээр албан тушаалтнууд, эмч нарт холбогдох арга хэмжээ авч өгнө үү” гэсэн өргөдөл өнөө болтол тодорхой хэмжээнд шийдэгдэхгүй сүүлийн хэдэн удаагийн шуурхай дамжин яригдаж байна. Хоёрдугаар сарын 22-ны шуурхайд БОЭТ-ийн дарга Б.Батсүх “ Хоёр дахь удаагийн төрөлт юм билээ. Гэм буруугийн асуудал хууль шүүхийн байгууллагаар л эцэслэн тогтоогдоно” гэсэн бүдэг бадаг хариулт өгсөн. Тэгвэл гуравдугаар сарын 2-ны аймгийн Засаг даргын шуурхайд иргэний өргөдлийн хариултыг ингэж өгчээ.

“Иргэний гомдлын дагуу эхийн төрөлтийн түүхээс Хүүхдийн тасагт хэвтэн эмчлүүлээд УБ хотод хүргэгдэх хүртэлх бүх нярайн болон өвчний түүхүүдийг судалж холбогдох эмч нартай 2 удаагийн хурал хэлэлцүүлэг хийсэн. Мөн ЭМГ-тай хамтарсан эмнэлзүй эмгэг судлалын хэлэлцүүлэг хийхээр бэлтгэж байна. Хүүхдийн аав болох ...... той 2021 оны 2 сарын 23-нд утсаар холбогдон мэдээлэл авч, хүүхдийн биеийн байдлыг тодруулахад 2 сарын 24-нд мэс засалд орсон байна” гэсэн хариултыг аймгийн Засаг даргад ирүүлжээ. Ойлгоход ч бэрхшээлтэй асуудал гэвэл үүнийг хэлэх байх. “Хоёрдугаар сарын 23-нд асуухад хоёрдугаар сарын 24-нд мэс засалд орсон байна” гэж байгааг юу гэж ойлгох вэ.

2021 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр манай аймгийн дарга нар шинэ төрсөн хүүхдүүддээ бэлэг өгч, ээжүүдэд нь цэцэг бэлэглэсэн. Эрүүл мэндийн байгууллагынхан энэ явдалд “Манай дарга нар төлбөртэй өрөөнд төрсөн эхчүүд, хүүхдүүдэд л бэлэг өгсөн” гэж жишим ч үгүй хариулж байсан.

Эндээс өнөөх л иргэний “эмчийн хяналтад ороход 150 мянган төгрөг төлдөг” гэсэн үг нэгийг хэлээд байгаа. Мөнгөтэй хүн төлбөртэй өрөөнд шинэ жилээр төрвөл бэлэг авдаг мөнгөгүй хүн кесеров хийлгэх гэхээр өөрөөр нь төрүүлдэг болжээ, манай аймаг гэж ойлгогдохоор байна. Энэ иргэний төрдөө хандаж гаргасан өргөдлийг шийдчих юмсан. Ядаж л сэтгэлийг нь засах аятайхан хэдэн үг хэлчих эмч, дарга нар баймаарсан. Шуурхай бүр дээр өргөдөл нь яригдаад л. Бүр сүүлдээ хэвлэлийнхэн бидний хувьд ч тэр иргэний өмнөөс “яс янгинаж” байна. Амьдрах магадлал нь 50 хувь гээд байхад “Хэлэлцүүлэг хийсэн. ЭМГ-тай хамтарсан хэлэлцүүлэг хийхээр бэлдэж байна” гээд суугаа дарга нарыг ойлгохгүй байна. Бурууг бусад руу чихэх гээд байгаа юм уу, аль эсвэл хугацаа хожих гээд аргаа барж байгаа юм уу. Бид шинэ төрсөн иргэндээ ширэн нүүрээ хэдий болтол харуулах юм бэ.