А.Түвшинжаргал: Шүүх 07 тоот тогтоолыг түдгэлзүүлээгүй, зогсоогоогүй
Мэдээ мэдээлэл 1 сарын өмнө     298    0

Орхон аймгийн ИТХ дахь Олонхийн бүлгийн ахлагч, аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргалаас аймгийн АН-ын нэхэмжлэлтэй Захиргааны хэргийн шүүхэд гаргасан гомдлын дагуу Захиргааны хэргийн шүүхээс гаргасан 07 тоот тогтоолын талаар байр суурийг нь тодрууллаа.

-Давж заалдах шатны шүүхээс 07 тоот тогтоол гарсан. Энэ тогтоолын талаар мэдээлэл өгнө үү.  Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн үйл ажиллагааг түдгэлзүүлсэн үү, эсвэл зогсоосон уу, бүр хүчингүй болгосон уу? Ялгааг нь гаргаж тайлбарлахгүй юу?

 -Орхон аймгийн АН-ын дарга Ц.Батхуяг, АН-ын төлөөлөгч Д.Ганболд нарын нэхэмжлэлтэй 07 тоот тогтоол буюу Тэргүүлэгчдийг сонгож баталсан тогтоолыг хүчингүй болгож өгөөч гэсэн шаардлагатай нэхэмжлэлээр Орхон аймгийн Захиргааны хэргийн шүүхэд өгсөн. Орхон аймгийн Захиргааны хэргийн шүүх хуралдаад олон талаас нь нотлох баримт, хариуцагч, нэхэмжлэгч, гуравдагч этгээдүүдийн тайлбарыг аваад, ийм байдлаар нэхэмжлэлийг хангах боломжгүй, хуулийн үндэслэлгүй байна гээд буцаасан. Энэ асуудлыг нэхэмжлэгч тал дээд шатны шүүхэд шүүгчийн захирамжин дээр гомдол гаргасан. Дээд шатны шүүх хуралдаад онцолсон зүйлүүд нь Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон тэгш байх зарчим алдагдсан байна. Тийм учраас анхан шатанд гаргасан шийдвэрийг эргэн нягталж шүүх хуралдаан зохион байгуулна уу гэсэн шүүхийн тогтоолыг Орхон аймгийн Захиргааны хэргийн шүүхэд ирүүлсэн байдаг.

Бид энэ тогтоолыг авч үзсэн, судалсан, хуулийн зохицуулалтууд, нотлох баримтууд, холбогдох хавсрагдах ёстой баримт бүгд байна уу гэдгийг шалгаж үзсэн. Удахгүй  гуравдугаар сарын 9-ний өдөр анхны хэлэлцүүлгээ хийнэ. Захиргааны хэргийн дээд шатны шүүх 07 тоот тогтоолыг түдгэлзүүлээгүй, зогсоогоогүй. Ер нь дахин хянаж үзэх шаардлагатай гэсэн байдлаар тогтоолыг буцаасан. Харин нэр бүхий АН-ын удирдлагууд 07 тоот тогтоолыг зогсоосон, хүчингүй болгосон гэх мэт байдлаар олон нийтийн сошиал сүлжээнд өөрийн хувийн аккаунтаараа байрлуулж байгаа нь ёс зүйгүй асуудал юм. Мэдээж Орхон аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн үйл ажиллагаа зогсох нь ямар хор уршигтай вэ гэдгийг АН-ын нэр бүхий хүмүүс мэдэж байгаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль дөхөж байна. Сонгуулийн ерөнхий хороо, хэсгийн хороо байгуулах, орон нутгийн шинж чанартай цаг үеийн асуудлыг Хурлын хуралдааны хооронд Тэргүүлэгчид бүрэн эрхийг хэрэгжүүлдэг учраас гарах шийдвэр, орон нутагт олон тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх боломжгүй болно гэж харж байгаа. Тийм учраас шүүх энэ тогтоолыг буцаж  үзээч ээ гэж хүсэж байгаа.

--Тэгш байх зарчим алдагдсан гэдэг тухайд?

Шүүхийн хэд хэдэн ойлгомжгүй зүйл, заалтууд байгаа. Тэгш байх эрх хангагдаагүй гэдгийг юу гэж ойлгож тайлбарлаж шийдвэрээ гаргасныг бид шүүхийн дүгнэлтэнд анализ хийх боломжгүй. Гэхдээ Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон сонгох, сонгогдох эрхээ эдлэх, хэвлэн нийтлэх, үг хэлэх эрх зэрэг бүх эрх аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралдаан дээр нээлттэй байдаг. Эрдэнэтийн сонгогчид маань ойлгож байгаа. Бид 35-уулаа бүрэн эрхээ баталгаажуулаад 11 тэргүүлэгчтэй байя гээд тоогоо тогтоод, намын бүлгүүд, бүлгийн удирдлагууд, намын дарга нар хоорондоо зөвшилцөөд, тодорхой хэмжээнд 11 гэсэн тоон дээр тогтоод, улс төрийн зарчмаар соёл гаргаж, цөөнхийн бүлгээсээ хоёр тэргүүлэгчийг оруулъя гэж санал хүргүүлсэн. Гэсэн ч нөхдүүд 13-уулаа хурлын хуралдааныг орхин гарсан. Хурлын хуралдааныг орхиж гарна гэдэг бол тухайн өдрийн өглөөний ирцэнд орсон байсан учраас нэгжийн тухай хуульд зааснаар хурал цаашаа үргэлжлэх бүрэн боломжтой. Хурлын хуралдаанд оролцоогүй төлөөлөгчдийн саналыг эсрэг санал өгсөнөөр тооцоод явах учиртай гээд хуулийн заалт байгаа учраас бид хуулийн заалтаа барьж цааш нь үргэлжлүүлээд 11 тэргүүлэгчийхээ эрхийг баталгаажуулаад явсан. Нөгөө талдаа шүүх тогтоолоо тодорхой болгож гаргах байх. Дараагийн маргаанууд цаашаа үүсээд явна. Энэ бол шүүхийн эцсийн шийдвэр гарахад хугацааг нь хэлж мэдэхгүй. Хуулийн дагуу явахад бүтэн жил гаруйн үйл ажиллагаа болно. Жил гаруй хугацаанд тэргүүлэгчгүй байна гэдэг орон нутгийн үйл ажиллагаа үндсэндээ зогсоно гэсэн үг. Тийм учраас Монгол Улсын хууль хяналтын байгууллагууд холбогдох хуулийн заалт, Үндсэн хууль, нэгжийн тухай хууль, Захиргааны хэргийн тухай хууль зэргээ хянамгай нямбай авч үзэх байх гэж итгэж байгаа. Би яагаад өнөөдөр ярилцлага өгч байгаа вэ гэхээр Орхон аймгийн 11 тэргүүлэгчийг төлөөлсөн гуравдагч этгээд буюу нотариатаар орж итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажиллаж байгаа. Манай Ц.Алтаншагай тэргүүлэгч бол өөрийгөө гуравдагч этгээд гээд явж байгаа. Тиймээс өнөөдөр танай сайтын асуултанд хариулах эрх зүйн үндэслэлтэй гэж үзээд хариулж байгаа юм.

-Талуудын маргаан 07 тоотоор дуусаагүй, асуудал эцэслэгдээгүй гэж ойлгож болох уу?

Бид удахгүй Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдаанаа зохион байгуулна. Тэргүүлэгчдийн хуралдаанаа зохион байгуулж байгаа. Аймгийн нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын хурал, Тэргүүлэгчдийн хурал цаг хугацаандаа хийх ёстой ажил учраас явж байгаа. Энэ нь ямарваа нэгэн хууль зөрчсөн үйл ажиллагаа биш гэдгийг олонхийн бүлгийн даргын хувьд итгэл төгс хэлэхээр байна. Мэдээж шүүхийн шийдвэр эцэслэж гарсан тохиолдолд шийдвэрийг хэрэгжүүлж ажиллах ёстой. Эцэслэн гараагүй байгаа тохиолдолд бид гаргасан шийдвэрээ хуулийн хүрээнд нотлох баримтаар үндэслэлтэйгээр хамгаалж ажиллах нь бидний үүрэг гэж ойлгож байгаа. Энэ нь эцэстээ хэн нэгэн албан тушаалтанд, хэн нэгэн төлөөлөгчийн эрх ашиг  биш, нийт эрдэнэтчүүдийн эрх ашиг, 68 мянган сонгогчыг төлөөлсөн аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын асуудал гэдгийг иргэд та бүхэн зөвөөр ойлгоосой гэж хүсэж байна.