Долоон булагийг хамгаалалтад авлаа
Хотын амьдрал 4 жилийн өмнө     46    0
Үндэсний үйлдвэрлэгч томоохон компаниудын нэг “Эрдмин”, “ОТК” ХХК-иуд нийгмийн хариуцлагийнхаа хүрээнд нийгэмд чиглэсэн олон ажлыг санаачлан хэрэгжүүлдэг гэдгийг Эрдэнэтийнхэн андахгүй. Тэгвэл тэд энэ удаад байгаль орчноо дээдлэх үүднээс булаг шандын эхийг хамгаалах, тордох талаар дорвитойхон ажил хийсэн байна. Баян-Өндөр сумын Баянцагаан багийн Засаг даргын зүгээс багийн нутаг дэвсгэр дээр үйлдвэрлэл эрхэлж байгаа аж ахуйн нэгжийг байгаль орчноо хамгаалах үүднээс булаг шандны эхийг хамгаалах ажилд оролцохыг урьсан байна. “Эрдмин”, “ОТК” компаниуд ч Баянцагаан багийн удирдлагын санаачилсан ажлыг дэмжиж хамтран ажиллажээ. Катодын цэвэр зас үйлдвэрлэдэг “Эрдмин” компанийн зүгээс Баянцагаан багийн нутаг Тосгоны өмнө байх “Далиу булаг”-ийн орчин тойрныг тохижуулж булагийн урсацыг хамгаалах, иргэдийн амарч тухлах орчин бүрдүүлэхээр олон ажил хийжээ. Улмаар “Эрдмин” компанийнхан “Далиу булаг”-ийн тохижилтын ажлыг дуусгаад Баянцагаан багт хүлээлгэн өглөө. Мөн “ОТК” компанийнхан гурван замын уулзварын орчим байх Долоон булагийн эхийг хамгаалалтад авч хашаа хайс барин тохижуулсан байна. Ингэснээр тус булаг малын хөлд талхлагдах, урсац нь тасрах зэрэг “зовлонгоос” бүрэн салж байгаа талаар Вокзал орчмын иргэд хэлж байлаа. Өнөөдрийн байдлаар Баянцагаан багийн нутагт нэлээн хэдэн булаг шанд байгаагаас энэ жил хоёрыг нь “Эрдмин”, “ОТК” компаниудын санал санаачлагаар хамгаалалтад авч чадлаа. Мөн дахин хоёр булаг шандны эхийг байгаль орчныг хамгаалах ажлын хүрээнд улсын төсвөөс хөрөнгө гарган хамгаалалтад авчээ. Орхон аймгийн Байгаль орчны газраас булаг, шандны эхийг хамгаалах ажилд томоохон компани, аж ахуйн нэгжийг татан оролцуулах чиглэлээр олон ажил хийхээр төлөвлөөд байгаа ажээ.
Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)