“ШАК”-ийнхан Засаг даргыг шахаанд оруулсан уу
Хотын амьдрал 4 жилийн өмнө     53    0
Дээрээ хүүхдийн тоглоомын талбайтай, доороо 60 машины дулаан гарааш бүхий байгууламжийг барьсан “Брэнд шилдэг” компанийн нууц ноёнтон нь манай аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн дарга Б.Мягмарсүрэн бололтой. Бололтойгоор ч барахгүй хийсэн үйлдэл, гаргаж буй авир нь үүнийг батлаад байх шиг. Аравдугаар сарын дундуур Б.Мягмарсүрэн дарга Орхон аймгийн АН-ын дэд дарга, “Эрдэнэт ус дулаан түгээх сүлжээ” Орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын дарга Р.Гантулгын хамт аймгийн Засаг дарга Г.Зоригтын албан өрөөнд “гэнэтийн айлчлал” хийж түүнд эгээтэй л ухамсарын шанаа өгч, шахаанд оруулчихаагүй гэж байгаа. Б.Мягмарсүрэн Орхон аймгийн АН-ын дэд даргын албан тушаалтай. Нэг үгээр хэлбэл, аймгийн АН-ын дэд дарга нар болох Б.Мягмарсүрэн, Р.Гантулга нар намын дарга Г.Зоригтоо буланд шахаж “балбаж” эхэлсэн бололтой. Асуудлын учиг тун энгийн. “Брэнд шилдэг” компанийн барьсан байгууламжийн дээрх “араг яс” ийнхүү манай аймгийн АН-ын удирдлагуудыг гэдсэндээ хөлөө жийлцэхэд хүргэсэн байна. Б.Мягмарсүрэн дарга “Брэнд шилдэг”-ийн хууль зөрчин байгуулсан тэрхүү “араг яс”-ыг цээжээрээ хамгаалж “Зоригтоо чи тэр захирамжаа цуцал. Өнөөдөр АН-ын хан бүхий л шатанд төрийн эрх барьж байгаа энэ цагт чи яагаад ШАК-ийн залуусыг дэмжихгүй, хийж бүтээснийг нь буулгаж нураа гэсэн захирамж гаргаад байгаа юм. Аятайхан байгаарай. Одоо бидний цаг ирж байгаа шүү” хэмээн сүрийг үзүүлсэн бололтой. Г.Зоригт дарга ч хүн л юм болсон хойно “Би залуучуудаа дэмжиж байгаа. Тэгээд ч тэр газрыг та нарт өгөө биз дээ. Эхнээс нь тэр дээрээ барих юмаа хуулийн дагуу хийхгүй яасан юм бэ” хэмээн өчихөд Б.Мягмарсүрэн, Р.Гантулга нар ширээ шааж босч ирсэн тухай саарал байшин дотор өнгөтөөр шуугиж, бүр зарим нэг хүний артерийн даралт огцом өссөн гэхэд буруудахгүй болов уу. АН-ын өнөө цагийн лидерүүд гэгддэг Г.Зоригт, Б.Мягмарсүрэн, Р.Гантулга нар аймгийн ЗДТГ-ын саарал байшингийн нэгэн өрөөнд дуугаа өндөрсгөж хэн нэгнийгээ жижигрүүлж байх тэр агшинд Засаг даргын өрөөний үүдэнд байсан иргэдийн нүүр нь улайж аргагүйн эрхэнд “дараа ирэхээс” гэж хэлээд гарч одсон байдаг. Эндээс харвал нэгдүгээрт, “Брэнд шилдэг” компанийн нууц эзэн нь аймгийн ИТХ-ын дарга Б.Мягмарсүрэн, тус компанийн улс төрийн зөвлөх нь Р.Гантулга дарга юм байна гэсэн логик гарч ирнэ. Яг үнэн хэрэгтээ 2013, 2014 онд явагдсан томоохон тендэрүүдийн ард АН-ынхан тэр дундаа “ШАК”-ийнхан буюу Б.Мягмарсүрэн даргын тойрон хүрээлэгчид байсан гэдэг нь нэгэнт нууц биш болсон гэдэг. “ШАК”-ийнхан тендэрийн төлөө дарга нарын толгойг хагалах, айлган сүрдүүлэх, төрийн албан хаагчийг дарамтлах зэргээр эр хүний 13 мэхээ хэрэглэдэг. Одоо бүр сүүлдээ Орхон аймгийн Засаг даргыг “шанаадах”, шахаанд оруулах зэрэг хууль бус ажиллагаа буюу бүлэглэлийн эдийн засгийн ашиг сонирхол нь ил гарсныг илтгээд байх шиг. Б.Мягмарсүрэн, Р.Гантулга нар АН-ын, тус нам дахь “ШАК” бүлэглэлийн эрх ашгийн өмнөөс асуудалд хандаж намын даргатайгаа ярих гэж байгаа бол Ардчиллын цэнхэр ордондоо асуудлаа ярьж, Г.Зоригтод ухамсрын шанаагаа ч хайрласан байхад “намын дотоод асуудал” гэж хаацайлахсан. Гэтэл Орхон аймгийн Нутгийн удирдлагын ордонд Эрдэнэтийн 100 гаруй мянган иргэний итгэл үнэмшил болж аймгийн Засаг дарга гэсэн албан тушаалтай хүний албан өрөөнд дайран орж “Захирамжаа цуцал, бидний хууль бус үйлдлийг хүлээн зөвшөөр” гэж давшилж байгаа нь арай дэндэж байгаа хэрэг биш гэж үү. Асуудал Г.Зоригт гэдэг хүндээ биш, гагцхүү Орхон аймгийн Засаг дарга гэдэг албан тушаалыг хүндэтгэдэг жирийн иргэний итгэл үнэмшил элсэнд асгасан ус шиг шингээд алга болох уу гэж АН-ынханаас асуумаар байна. “ШАК”-ийнхан сүүлдээ бүр дүрдээ хэтэрхий үнэмшээд хэвлэл мэдээллээр бор шувуу нисгэж эхэллээ. Зарим нэг хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Г.Зоригт даргыг Авлигтай тэмцэх газар шалгаж байна”, “АТГ-аас аймгийн ЗДТГ-ын дарга В.Сумъяасүхэд холбогдох хуулийн дагуу арга хэмжээ ав гэдэг бичиг Г.Зоригтод иржээ” гэсэн мэдээлэл хөвөрч байна. Энэ бол дээрээс шидсэн чулуу буюу Нутгийн удирдлагын ордны гурван давхар хавиас нисгэсэн “үгэн чулуу” бололтой. Н.ТӨР
Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)